1982 оны 06-р сарын 07-ны өдөр домогт Элвис Преслигийн /Elvis Presley/ охин Лиза Мари Пресли /Lisa Marie Presley/ эцгийнхээ эзэмшиж байсан Грэйсланд /Graceland/ нэртэй эдлэнг нийтэд зориулсан нээлттэй музей болгож байгаагаа зарлажээ.
Грейсланд нь АНУ-ын Теннесси мужийн Мемфис хотод /Memphis, Tennessee/ байрлах 5,6 га газар болон тансаг харш бүхий үл хөдлөх хөрөнгө юм. Эдлэн газар болоод уг харшийг түүний охин Лиза Мари Пресли 1977 онд Преслиг нас барснаас хойш эзэмшиж байгаа.
Грейсланд нь Миссисипигийн /Mississippi/ хилээс хойш 6,4 км зайд, хотын төвөөс 14 км зайд Уайтхавен нийгэмлэг дэх Элвис Преслигийн өргөн чөлөөнд /3764 Elvis Presley Boulevard/ байрлана.
1982 оны 6-р сарын 7-нд музей болгон олон нийтэд нээлттэй болсон уг эдлэн газар, харшийг 1991 оны 11-р сарын 7-ны өдөр АНУ-ын түүхэн газруудын улсын бүртгэлд /National Register of Historic Places/ бүртгэсэн нь рок-н-роллтой холбоотой анхны газар болжээ. Мөн тус музейг 2006 оны 3-р сарын 27-нд Үндэсний түүхэн дурсгалт газар /National Historic Landmark/ болгон зарласан нь бас л рок-н-роллийн түүхтэй холбоотой анхны дурсгал болсон юм.
Грейсланд бол АНУ-д хамгийн олон хүн зочилдог 3 дахь байшин бөгөөд Хойд Каролинад байх гайхалтай уран хийцтэй Билтмор шилтгээн /the Biltmore Estate/ ба Вашингтон дахь Цагаан ордны /the White House/ дараа ордог. Түүнийг үзэхээр жилд 650,000 зочин зорьж очдог тул Америк дахь хамгийн их жуулчдыг татдаг хувийн эзэмшлийн байшин болдог байна.
Грэйсланд эдлэнг анх 1939 онд Колонийн сэргэн мандалтын үеийн хэв загвараар Рут Мур болон түүний нөхөр Томас Мур /Ruth Moore, Thomas Moore/ нар архитектор Фурбрингер, Эрман /Furbringer, Ehrman/ нарын зургаар 953,7м2 талбайтайгаар анх бариулжээ.
Энэхүү эдлэнгийн эхний эзэн Мемфис хотын анхны арилжааны хэвлэх үйлдвэр болох S.C. Toof & Co компаний эзэн Stephen C. Toof байсан бөгөөд тэрээр 1894 онд ааваасаа тариалангийн талбай өвлөн авчээ. Харшийг барихаас өмнө л эдлэн газрыг Тофын охин Грэйсийн нэрээр нэрлэсэн байж. Харин Тофыг нас барсны дараа эдлэнг зээ дүү Рут Мурд шилжүүлж тэрээр харшийг бариулжээ.
Харин Пресли анх нэрд гарч, ТВ-ээр тоглолтоо хийсний дараа Мемфис хотд 40,000 долларын байшин худалдаж авсан ч түүний гэрийн гадаа фэнүүд болон сэтгүүлчид байнга эргэлдэх болсон байна. Энэ нь эхэндээ хөршүүдэд нь их л таатай байсан ч сүүлдээ үнэхээр төвөгтэйг ойлгосон.
1957 онд Пресли өөрийн эцэг, эх Вернон болон Глэдис Преслидээ /Vernon, Gladys Presley/ 100,000 доллар орчмын төсөвт фермийн маягтай эдлэн, үл хөдлөх хөрөнгө олж өгөхийг хүссэн байна. Энэ үед Мемфис хот цомхон Грэйслэнд суурингаас нилээн зайтай байсан бөгөөд 1957 оны 03 сарын 19-нд Пресли уг эдлэнг 102,500 доллараар өөрийн болгож авчээ. Удалгүй эргэн тойронд нь суурин үүсч энэхүү эдлэн нь Мемфисийн нэгэн өргөн чөлөөнд оршихыг тэр үед хэн ч таамаглаагүй.
Эхэндээ эцэг, эх хоёр нь амьдарч байсан ч 1958 онд эх нь нас барж, эцэг нь өөр нэгэнтэй гэрлэж, хойт эх нь ээжийг нь сануулдаг олон зүйлсийг дураараа өөрчилж байгаа нь Элвист таалагдаагүй тул нэг л өдөр ачааны машин авчирч аав, хойт ээжээ бүх өөрийн гэсэн зүйлстэй нь нүүлгэв. Ингээд Пресли ганцаар болон найз бүсгүй Присциллатайгаа /Priscilla Beaulieu/ эдлэндээ амьдрах болсон бөгөөд тэд 1967 оны 05 сарын 01-нд гэрлэх хүртэл 5 жил хамт амьдарсан байна. Харин охин Лиза Мари нь 1968 оны 02 сарын 01-нд төрсөн бөгөөд 1972 онд эцэг, эхээ салтал Грэйсландд амьдарч байгаад Калифорнируу ээжтэйгээ нүүв. Гэвч зул сарыг Грэйслэндд өнгөрүүлдэг уламжлалтай байж.
1977 оны 08 сарын 16-нд Элвис Грэйсланд дахь харшийнхаа угаалгын өрөөнд нас барав. Түүнийг зүрхний хэм алдагдлаар нас барсан гэсэн боловч түүний биеэс кодейн тэргүүтэй 14 мансууруулах бодис илэрсэн нь түүнийг тунгаа хэтрүүлснээс болж нас барсан гэж дүгнэхэд хүргэсэн. Түүний оршуулганд 3,500 гаруй фэнүүд нь ирсэн бөгөөд 08-р сарын 18-нд ойрын 200 орчим хүмүүс нь Грэйслэндд түүнтэй салах ёс гүйцэтгэхэд түүний авсыг хөгжмийн өрөөнд нь байрлуулсан байв.
Элвисийг нас барсны дараа эдлэнг түүний авга эгч Дельта /Delta/ уригдан ирж 1993 он хүртэл эзэмшиж байсан ба 1993 онд Лиза Мари Пресли 25 нас хүрснээр хөрөнгийг өвлүүлэн өгсөн юм.
Преслиг нас барсны дараа аав нь 1979 онд нас барах хүртлээ үл хөдлөх хөрөнгийн эзэмшигч байв. Түүнийг нас барсны дараа цорын ганц албан ёсны охиных нь ээж Присциллаг хөрөнгийн эзэмшигч болгосон. Гэвч өөрөө жилд 500,000 долларын зардал гаргадаг үл хөдлөх хөрөнгө тэдэнд дарамт болж байсан тул тэрээр эдлэнг зарах дээрээ тулж байж. Тэгэхдээ бусад дурсгалт байшингууд музей болж мөнгө олж болдгийг судалсан Присцилла гүйцэтгэх захирал Жак Соденг /Jack Soden/ хөлсөлж музей болгох төслийг эхлүүлжээ. Түүний шийдвэр оновчтой байсан. 1982 оны 06-р сарын 07-нд нээгдсэнээс нэг сарын дараа гэхэд олон, олон хүмүүсийн анхаарлыг татаж, үзүүлж чадсан бөгөөд оруулсан хөрөнгө оруулалтаа нөхөв. Присцилла Elvis Presley Enterprises буюу EPE гэх байгууллага байгуулан ерөнхийлөгч нь болсон ба охин Лизаг 21 нас хүртэл энэ албыг хашиж байгаад шилжүүлэхээ мэдэгдсэн. Түүний энэхүү байгууллага өнөөдөр охиных нь удирдлага дор байгаа ба хөрөнгө нь 100 сая доллараар үнэлэгдээд байна.
Жуулчид өөр, өөрийн онцлог 23 өрөөнүүд бүхий харшийг бүтэн сонирхож үздэг. Гал тогоо, унтлагын өрөө, зочны өрөөнөөс гадна шар өнгийн ТВ үзэх өрөө, хөгжмийн өрөө, Ширэнгийн загварт өрөө, хувцасны өрөө, усан бассейнийг нь сонирхох боломжтой. Түүнээс гадна эдлэнгийн цэцэрлэгт хүрээлэнд амарч гадна орчинг тохижуулсан усан оргилуур, христийн хөшөө бүхий загалмай, ягаан өнгөтэй жийп машин, Лиза мари нэртэй онгоцыг нь ч сонирхох боломжтой. Мэдээж түүний бүх л уран бүтээлийн пянзнууд, бичлэгүүдийг үзэж, сонсох боломжтойгоос гадна тоглолтын хувцас, хэрэгслүүдийг нь бодит хувилбараар нь харж бэлэг дурсгалын дэлгүүрээс нь өөрийн дурсгалд зориулан олон сонин зүйлс худалдан авах боломжтой.
Эдлэнгийн дэргэдэх дурсгалын цэцэрлэгт Элвисийн бунхан болоод түүний эцэг, эх, эмээ Минни Мэй Преслигийн /Minnie Mae Presley/ оршуулга мөн Элвисийн амьгүй төрсөн ихэр Жесси Гаронд /Jesse Garon/ зориулсан дурсгалын хөшөө ч тэнд байх ба зочид үнэгүй сонирхож болдог байна.
2019 онд Мемфис хотын захиргаанд хэрэв татварын хөнгөлөлт олгож, хөрөнгө оруулалтын хүрээнд хамтран ажиллахгүй бол хотоос эдлэнгээ нүүлгэх болно гэсэн сүрдүүлэг үзүүлснээр аялал жуулчлалыг нь хөгжүүлж өгсөн Грэйсланд эдлэнг өргөжүүлэхэд 100 сая долларын хөрөнгө оруулалт хийх асуудлыг Мемфисийн захиргаа авч хэлэлцэж байжээ.
Элвисийн эдлэн нийтэд зориулсан музей болсон түүх ийм юм. Сонирхуулахад Мари Лиза Пресли 1994-1996 онд попын хаан Майкл Жексоны албан ёсны эхнэр байсан ба 2023.01.12-нд таалал төгссөн. Өнөөдөр тус музей түүний гурван охины өмч болсон байна.
Гүндсамбуугийн Ариунчулуун