Сэтгүүлчийн догдлол
Миний бие нь зул задарч, морьд эргэхэд самсаа борхирдаг Монголын нэг л иргэн л дээ. Ер нь Монгол минь гэсэн их үнэмшлээр сэтгэлээ хөглөхийн цагт асар чинадын сайн сайхан зүрхэнд ирхийн үеэсд догдолдоггүй Монгол хүн гэж хэн ч байх вэ дээ. Миний бие сэтгүүлч хэмээх энэ өндөр нэр хүндтэй үйлсийг 38-н жил эрхлэх дээ олон сайхан хүмүүстэй уулзах завшаан олдож байсан минь бас л нэг аз юм даа. Одоогоос 2 жилийн өмнө нэгэн ухаант буурал ... 2016 онд Монгол улс маань их өөдлөх аман хишиг рүүгээ даялнаа гэж ярьж байсан нь гэнэтхэн наадмын өдрүүдэд учиргүй их бодогдож байлаа. Наадмын нээлт ч сайхан боллоо (Энэ жилийн наадмын нээлтийн ёслолын арга хэмжээний бүхий л өгүүлэмжийг миний бие бичсэндээ биш шүү) тэнгэр хангай сайхан байж олны сэтгэл цаанаа л нэг өөдрөг энэ бүхэнтэй дашлуулан АСЕМ-ын дээд хэмжээний уулзалт монголд минь боллоо доо. Хүн шиг явах л чухал шүү гэж өвгөд минь захидаг шиг улс шиг улс байхын төлөө зорьж байгаа энэ их төрийн тэмүүлэл, ард түмний идэвхи чармайлт хүн төрөлхтөнд өөрийгөө сонсгож чадсан аугаа их үнэмшил нь яахын аргагүй Монголын их догдлол аугаа их түүхэн цадиг юм даа. Намайг ингэж эх орныхоо аман хишиг маргаашийн мандаж дээдлэхийн өлзий буянд нь билэгшээж байхад арай ч гоочлох хүн байхгүй байлгүй дээ. Энэ бүхнийг би хувьхандаа их асар холын чинад бэлэгшээлээр нь төсөөлж, тосож сэтгэлдээ догдлож сууна. Ази Европын тэргүүнүүдийн дээд хэмжээний уулзалт ямархан болсныг энд дурьдаад ч яахав дээ 1945 оны бүх ард нийтийн санал асуулга, 1962 онд Монгол улс маань НҮБ-д элсэн орсон гайхамшигт агшин... тэгээд л 2016 онд Ази Европын 51-н орны тэргүүнүүд Монгол оронд минь өлмий тавьсан энэ их чуулалыг л Монгол улсын тусгаар тогтнолын төлөөнөөх их үйл хэрэг гэж бахархмаар байна даа. Ач холбогдлыг нь яаж үнэлэх нь мэргэдийн ухаан мэдэх хэрэг биз ээ. Харин мөхөс миний хувьд бол тосон ирэх цаг хугацаа, даяаршлын эрин үед алдагдаж болох үндэсний их сэрэмж, алив улс үндэстний мөнхөд цадиглах тусгаар тогтнолынхоо баталгааны хувьд бодоход их л гайхамшигтай үйл явдал боллоо доо. Бид чинь Чингисийн Монгол гэж хоосон бардамнадаг эс бөгөөс хоёр хөршөө муулж үргэлж алдагдан мартагдаж байгаа улс гүрэн мэт гаслах түүгээрээ улс төр хийх дуртай ард түмэн шүү дээ... Тэгвэл танай Монгол бол энэ гариг дэлхийн өндөр соёлтой улс гүрэн мөн хэмээн уяан дээр нь бууж хоймор нь тухалсан дэлхийн улс гүрнүүдийн төлөөлөл хүлээн зөвшөөрч, олон мянган жил манаж сахисан их галд нь гараа ээж, их цагаан сүлдэнд нь сүслэж, заншил түүхийг нь хүндэтгэж буй, энэ гариг дэлхийн хүн төрөлхтний гуравны хоёр нь болсон Ази Европын тэргүүнүүд бахархаж байхад бид өөр юугаараа бахархах юм бэ. Сэрэхдээ л эх орноо гэж сэрдэг сэрэмж өндөр Монголчууд минээ үүнд омогшихгүй юм бол өөр юунд омогших юм бэ. Одоо миний бие талархаж байгаа хувь үнэн догдлолоо шуудхан л хэлье. Энэ их үйл хэрэг бол эдүгээгийн Монгол улсын маань төрийн тэргүүн Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн эрхэм их санаачлага, хичээл чармайлт олон улс дахь түүний байр суурь Монгол улсын маань нэр хүндийн л гавьяа шүү дээ. Монголчууд бид баярлаж талархснаа тэнгэртээ хийгээд эзэнд нь талархаж чаддаг жудагтай байх ёстой. Миний л хувьд энэ 26 жилд Монгол улсыг маань П.Очирбат, Н.Багабанди, Н.Энхбаяр гээд дандаа л Монголоо гэсэн ухаантай өөр өөрийн буян хийморьтой хүмүүс дэгжээж чадсан гэж боддог хүний нэгээн. Би тэгвэл тэднийхээ төрт ухааны уламжлалын их түүчээг улам өөдөө өргөж яваа Ц.Элбэгдорж ерөнхийлөгчдөө талархах ёстой бус уу. Энэ өдрүүдэд би харж л байлаа, догдолж л суулаа хэдийгээр 2016 оны сонгууль нэгэн шийдвэрийг гаргасан ч гэлээ Монголынхоо төлөө ялсан ялагдсан намуудын эрхэм хүмүүс яасан их эвлэлдэнэ вэ, энэ л Монголын маргааш шүү дээ, энэ л Монгол хүн холын үнэний өмнө сэтгэл нэг байдгийн илэрхийлэл шүү дээ.
Би “Би Монголоороо гоёдог”, “Монголын үнэртэй салхи”, “Би Монголтойгоо адилхан”, “Өглөө шиг эх орон”, “Хээрийн салхитай Монгол аялгуу” хэмээх 32 дуу найраг тэрлэхдээ ч чухамдаа энэ сайхан орон минь үргэлж дэгжин дээшилж яваасай билээ дээ хэмээн сүслэхийн билгээр зохиосон юмаа. Ийм сүсэгт Монгол хүн надад энэ удаагийн Ази Европын тэргүүнүүдийн дээд хэмжээний уулзалт үнэхээр сүслэмээр санагдаж, тэнгэртээ сүү өргөж, Монгол түмнийхээ аман хишигт баярлаж, Төрийн тэргүүндээ талархахаас өөр юм бодогдоогүй минь үнэн билээ. Энэ их санаачлагыг элбэг дүүрэн Монголын үнэмшил болгосон мөн ч олон хүнд баярлаж байна даа.
АСЕМ-ын дээд хэмжээний зочидод хүндэтгэл үзүүлэх баяр наадмаар есөн цагаан тугандаа адисласан Монгол Улсынхаа Ерөнхийлөгчийг хараад, “Монголын их урам буюу Цахиагийн Элбэгдорж” хэмээн үзгээ авч дэвтэр дээрээ тэмдэглэсэн тэр догдлолт агшинаар өөрийнхөө энэ өгүүлэх зүйлийг өндөрлөе дөө.
Өдий насыг насалж ач зээгээ алаглуулсан миний хирийн хүнд бол Монголынхоо маргаашийн тухай бодох бодол бол маани мэт их байдаг юм даа. Улс төр судлаачид ухаантнууд энэ их үйл явдлын чинад холын утгыг надаас арай хол тайлбарлан түүхэнд мөнхлөх биз дээ. Тусгаар тогтнолынхоо төлөө цаг цагийн өнгөн дээр ухаан талбиж явсандаа миний Монгол өдий хиртэй өндөр заяатай яваад л би үнэмшиж байнаа
Нэг л их тайтгарал Монголын маргаашийн өндөр их аман хишиг харагдаад байх чинь... Одоо бидэнд өөрсдөө л өөдлөх хөсгийхөө ачааг зөв тэгшлэх үлдлээ дээ.
Монгол төрийн минь заяа өндөр байх болтугай
Догдлолоо дашлуулсан:
МУСГЗ, зохиолч, сэтгүүлч Ш. Гүрбазар