Энэ бямба гарагт БНХАУ-д Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурал эхэлж байгаа ба хоёр долоо хоног үргэлжлэх тус хурлын үеэр Хятадын өнцөг булан бүрээс ирсэн мянга мянган төлөөлөгчид Хятадын засгийн газрын албан тушаалтнуудыг томилж, улсын төсвийг хэлэлцэж батлах юм.
Ардын төлөөлөгчдийн их хурлын төгсгөлд Хятадын шинэ Ерөнхий сайдыг томилох бөгөөд нэр нөлөөгөөрөө Хятадын Ерөнхийлөгчийн дараа бичигдэх уг албан тушаалд Шанхай хотын Коммунист намын тэргүүнээр ажиллаж байсан Ли Цян томилогдох талаар яригдаж байгаа аж.
Өнгөрсөн 10-р сард Хятадын Коммунист намын их хурлаар тус намын Улс төрийн товчооны Байнгын хорооны 7 гишүүнийг шинээр томилсон ба тэдгээр нь Си Жиньпиний итгэлт, ойрын хүмүүс байсныг мэргэжилтнүүд онцолж байсан юм. Тэгвэл энэ удаагийн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн их хурлын үеэр шинээр томилогдох сайд, дарга нар мөн адил Ерөнхийлөгч Си Жиньпиний ойрын хүмүүс томилогдоно гэсэн хүлээлттэй байна.
Ли Цяны хувьд өнгөрсөн жил Шанхайд 2 сарын турш хатуу хөл хорио тогтоох үед Шанхай хотын Коммунист намын тэргүүнээр ажиллаж байсан ба түүнийг Хятадын хоёр дахь нөлөө бүхий хүнээр томилогдох гэж байгаа мэдээ олон хүний бухимдлыг төрүүлж байгаа аж. Шанхайд тогтоосон хөл хорионы үеэр иргэд хоол хүнсний хомстолд орж, бухимдсан иргэд хорооллуудын гадаа босгосон хашаа хашлагуудыг нурааж, эсэргүүцлээ илэрхийлж байсан билээ.
Тиймээс иргэд Шанхайн хөл хорионы үеийн менежмент дээр бүтэлгүйтсэн хүн бүхэл бүтэн улсыг удирдаж чадах эсэх дээр эргэлзэж байгаа аж. Ли Цян нь 1990-ээд оноос эхлэн бизнес эрхэлж, Хятадын Коммунист намын улирдлагуудтай олон жилийн турш харилцаа холбоотой байж иржээ. Ли Цяныг улс төрийн хүрээлэл дундаа ардчилсан чөлөөт үзэлтэй, "дүрмийг өөрчлөгч" хэмээн нэрлэдэг.
Тэрээр 2016 онд Жяньсү мужийн Коммунимт намын нарийн бичгийн даргаар томилогдон ажиллаж эхлэхээсээ өмнө 2004 онд Жэжянь мужид Ерөнхийлөгч Си Жиньпиний доор ажиллаж байсан түүхтэй аж. Ли Цян нь Хятадын Ерөнхий сайдад томилогдоход тохирсон нэр дэвшигч гарцаагүй мөн ч Ерөнхийлөгч Си Жиньпиний хувьд итгэлтэй, ойрын харилцаа холбоотой зэрэг нь уг албан тушаалд томилогдоход хамгийн том нөлөөг үзүүлсэн хэмээн шинжээчид үзэж байна.
Виржиния дахь Олд Доминионы их сургуулийн туслах профессор, Хятадын улс төрийн сэдвээр мэргэшсэн Кэти Ву, "Коммунист намын даргаар 3 дахиа томилогдсон Си Жиньпин Ерөнхий сайдаар өмнө нь өөртэй нь ажиллаж байсан, итгэлтэй хүнээ сонгох болов уу.
Си Жиньпин ерөнхийлөгчөөр томилогдсон цагаасаа хойш Ли Цяний карьер өсөхөд нөлөөлж, Ерөнхий сайдын албан тушаалд томилогдоход нь бэлтгэсээр ирсэн." хэмээн ярьжээ.
Эх сурвалж: BBC
Содномцэрэнгийн Энхзаяа
ikhmongol.mn