Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жэйк Салливан Хятад улс ОХУ-д зэр зэвсэг нийлүүлэх нь ноцтой үр дагавар дагуулна гэдгийг Вашингтон Бээжинд анхааруулсан тухай өнгөрсөн ням гарагт CNN агентлагт өгсөн ярилцлагадаа дурджээ. Тэрээр, "ОХУ-д зэр зэвсгийн тусламж үзүүлэх эсэх нь Бээжингийн өөрсдийнх нь шийдэх асуудал. Харин тусламж үзүүлэх дээрээ тулбал төлөөс нь өндөр байх болно." гэжээ. Түүний хэлж байгаагаар Бээжин ОХУ-д зэвсэг нийлүүлэх тухай шийдвэр гаргаагүй ч уг асуудлыг хэлэлцсээр байгаа аж. Түүнчлэн АНУ-ын тал Бээжин ОХУ-д зэр зэвсгийн тусламж үзүүлсэн тохиолдолд чухам ямар үр дагавар гарах тухай Хятадын эрх баригчдад хэлж анхааруулсан гэжээ.
Сүүлийн хэдэн өдрүүдэд Вашингтон болон НАТО-гийн орнууд уг асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах зэргээр БНХАУ-ыг Москвад зэвсэг нийлүүлэхийг нь зогсоохыг оролдож байна. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен өнгөрсөн баасан гарагт Бээжин Хятадын компаниудаар дамжуулан ОХУ-д өөр бусад тусламж дэмжлэгийг үзүүлсээр байгаа тухай хүртэл дурджээ.
Өнгөрсөн даваа гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Киевт айлчлах үеэрээ Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийд Америкийн зэвсэгт хүчин Киевт 500 сая ам. долларын үнэ бүхий зэр зэвсгийн тусламж үзүүлнэ хэмээн мэдэгдсэн билээ. ОХУ Украин руу довтолсноос хойш Вашингтон Киевт хамгийн их зэр зэвсгийн тусламж үзүүлээд байгаа юм.
Америкийн Тагнуулын ерөнхий газрын дарга Уиллиам Бёрнс Хятадын эрх баригчид ОХУ-д зэр зэвсэг нийлүүлэх асуудлыг хэлэлцэж байгаа ч эцсийн шийдвэрээ гаргаагүй байгаа тухай СBS сувагт өгсөн ярилцлагадаа дурджээ. Америкийн Бүгд Найрамдах намын гишүүн, Төлөөлөгчдийн танхимын Гадаад харилцаа хариуцсан зөвлөлийн дарга Майкл МакКолын хэлснээр Бээжингийн ОХУ-д нийлүүлэхээр зэхэж буй зэр зэвсгүүд дотор дронууд багтсан гэжээ. Түүний хэлж байгаагаар БНХАУ-ын Ерөнхийлөгч Си Жиньпин ирэх долоо хоногт ОХУ-д айлчилж, Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзахаар төлөвлөж байгаа аж. 2022 оны 2-р сард ОХУ Украин руу довтлохоос өмнөхөн Москва, Бээжин хоёр "хязгааргүй" хамтын ажиллагааны гэрээ байгуулсан ба барууны орнуудтай тогтоосон харилцаа муудахын хэрээр хоёр улсын эдийн засгийн харилцаа улам гүнзгийрсэн билээ.
Ерөнхийлөгч Жо Байден Бээжин Москвад зэр зэвсэг нийлүүлбэл Вашингтон хариу арга хэмжээ авна хэмээн мэдэгдсэн ч нөгөө талаас Хятадын тал ОХУ-д зэр зэвсгийн тусламж үзүүлнэ гэж бодохгүй байна гэжээ. Майкл МакКол, "В. Путин, Си Жиньпин хоёр ирэх долоо хоногт уулзаж, Украины эсрэг ашиглах зэр зэвсгийн тухай хэлэлцэх гэж байгаа нь миний сэтгэлийг маш ихээр зовоож байна. Өнөөдөр Украинд болж байгаа зүйлс маргааш Тайваньд болохыг үгүйсгэхгүй. Тийм учраас энэ бол маш ноцтой асуудал." хэмээн онцолжээ.
Эх сурвалж: Reuters
Содномцэрэнгийн Энхзаяа
ikhmongol.mn