ХОЁР НАСТНУУД ЮУ ХИЙЖ ЧАДАХ ВЭ?
Тэд 2-3 үгтэй, 1-2 өгүүлбэрээр ярьдаг болно. Харин сонссон бүхнээ ойлгож чадна.
Заримдаа бүх зүйлсээ бусадтай хуваалцана. Зарим үед хэнтэй ч хуваалцахгүй харамлаж өөрөө л хэрэглэнэ.
Хамтрахыг хүсэхгүй бүхнийг өөрөө хийхийг хүснэ.
Дуртай тоглоом дургүй тоглоомоо ялгаж эхэлнэ. Өөрөөр хэлбэл хөвгүүд машин, охид хүүхэлдэйн тоглоом г.м. Мөн олон зүйлийг хольж хутгаж, асгаж буцааж савлах г.м тоглоомд дуртай. Тиймээс ухаж төнгөчих шүүгээ, тоглох элс хутгуур сав бэлтгэж өгөөрэй. Энэ нь ч танин мэдэхүйн хөгжлийн чухал ач холбогдолтой.
Аливаа зүйлсийн зориулалт утгыг танина. Тухайлбал, удирдлага аваад ир, сувгаа соль г.м
Хоолоо өөрөө халбагадаж иднэ. Энэ үед асгаж цутгасан ч өөрт нь найдаж болно.
Болох, болохгүйг танина. Өөрийгөө буруу зүйл хийснээ ойлгоно. Тухайлбал, хоол хэн асгачихав аа? гэхэд ойрын тоглоом, ширээ сандал гэх өөр зүйл рүү зааж өөрийгөө буруу зүйл хийснийг мэдрэнэ.
Нуугдаж тоглоход их баярлана. Гол нь өөрөө л харахгүй бол нуугдсан гэж ойлгоно. Үүнийгээ олон зүйл дээр хэрэглэдэг. Тухайлбал, Хэн ханан дээр зураг зурсан бээ гэхэд нүдээ дараад өөрийгөө нуугдчихлаа гэж ойлгоно.
Энд тэнд эрээчиж сараачих дуртай болно. Энэ үед нь том хэмжээтэй цаас, самбар, нэг өрөөний ханыг бэлтгэж өгөх нь зүйтэй.
Том зурагтай, богино агуулгатай зурагт номыг ойлгоно. Өөрийн дуртай номоо уншуулах гэж томчуудаас тусламж хүснэ. Энэ үед нь уйгагүй, сэтгэл хөдлөлөө сайн илэрхийлж, хамтран уншаарай. Ингэснээр таны хүүхэд үгийн баялагтай, тод хэллэгтэй болж хөгжихөөс гадна сэтгэхүйн хөгжлийн маш эрчимтэй дэмжлэг болдог.
Хэлэх дуртай үг нь ҮГҮЙ. Ямар ч тохиолдолд үгүй гэсэн үгийг ашиглах нь түлхүү. Энэ нь "би" гэдэг онцлогоо таньж буйн илрэл. Тухайлбал, - Хамт тоглох уу гэсэн асуултанд - Үгүй, тэгье гэж хариулах жишээний.
Өөрийн үсээ зулгаах, шал мөргөж уурлах, аав ээжийгээ цохиж зодох нь их ажиглагдана. Энэ нь бүхнийг өөрийнхөөрөө байлгах гэсэн бухимдлын илрэл, таны анхаарлыг татах гэсэн оролдлогуудын нэг. Энэ үед илүү тайван байж тэвэрч, халамжлан, хамтдаа тоглож түүнд үр дүнтэй цаг гаргаарай.
Хөгжмийн хэмнэлийн өндөр, намыг ялгаж түүнд тохируулан хөдөлгөөн хийнэ. Энэ насанд хөдөлгөөний эрчимтэй хөгжлийн үе. Тиймээс хэмнэлтэй, хөдөлгөөнтэй дууг хамтдаа сурахад тохиромжтой. Тухайлбал, гурван тооройн дууг хөдөлгөөнтэй нь хоршин хамтран дуулах.
Хүүхдийн хөгжил өссөн орчин, нөхцлөөс хамаараад харилцан адилгүй байдаг тул дээрх онцлогууд 6-8 сараар түрүүлж эсвэл хожимдож ажиглагдаж болохыг анхаарна уу.
Г. Төмөрзаяа
Хөөрхөн шар шувуу сургалт судалгааны төв