Өмнөд Америкийн Эквадор улсын нийслэл Куито (Quito) хотод анхны метроны шугамын нээлтийг хийлээ. Гэхдээ энэхүү метроны шугам барих ажиллагаа амар хялбар байгаагүй, олон жилийн туршид үргэлжилжээ.
Нийт 22.6 км урт үргэлжилж буй уг шугамыг байгуулах үураг төслийг 2013 онд баталж, 2016 оны 1-р сараас барилгын ажлыг эхлүүлэн 6 жилийн туршид барьж гүйцэтгэжээ.
Энэхүү метроны өртөг $2.0 тэрбум орчим ам долларт (7.0 их наяд төгрөг буюу манай улсын 2022 оны төсвийн зарлагын 40 хувьтай тэнцэх мөнгө) хүрсэн бөгөөд уг төслийг санхүүжүүлэхэд Европын Хөрөнгө оруулалтын банк, Америкийн Улс орнуудын хөрөнгө оруулалтын банк, Дэлхийн Банк, Андын Хөгжлийн Корпораци зэрэг олон санхүүжүүлэгч байгууллагууд хамтран оролцсон.
Метроны барилга угсралтын ажлыг Испанийн "Acciona Corporation" гүйцэтгэжээ.
Нийслэл Куито хотын энэхүү шинэ метро нь 15 зогсоолтой, 22.6 км урт үргэлжлэх нэг шугамаас бүрдэж байна.
Аливаа хөгжиж байгаа улс орнуудад газар доорх, хонгилын тээврийн системийг хөгжүүлэхэд урьдчилсан хэд хэдэн нөхцөл бүрдсэн байх ёстой бөгөөд тэдгээрийн нэг нь тасалдалгүй, найдвартай эрчим хүчний эх үүсвэртэй байх шаардлага юм.
Учир нь метро нь цахилгаан хөдөлгүүртэйгээс гадна, хонгил доторх байгууламжууд, агааржуулалтын систем ямар нэгэн тасалдалгүй байнгын цахилгаан хангамжтай байх зайлшгүй шаардлагатай байдаг ажээ.
Н.Энхбаяр