БНХАУ-ын хүн амын тоо 1961 оноос хойш анх удаа буурсан нь тус улсад "хүн амын урвуу өсөлтийн эрин үе" эхэлснийг илтгэж байна.
Хятадын хүн ам 2021 онд 1.412.600 байсан бол 2022 онд 1.411.750 болж буурсан талаар Хятадын Үндэсний Статистикийн хороо мэдээлжээ.
Хятадын эрх баригчдын зүгээс сүүлийн жилүүдэд хүн амын өсөлтийг дэмжих бодлогууд хэрэгжүүлж эхэлсэн ч энэ нь хүн ам буурах хандлагыг зогсоож чадсангүй гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна. Хятадын Ардын их хурлын Хөдөө аж ахуй, Орон нутгийн асуудлыг хариуцсан хорооны дэд дарга Цай Фанг Хятадын хүн амын тооцоолж байснаас эрт буюу 2022 онд оргилдоо хүрсэн гэдгийг мэдэгджээ.
Сүүлийн жилүүдэд Хятадын засгийн газар хурдацтай хөгширч буй хүн амаа өсгөхийн тулд иргэдээ олон хүүхэдтэй болохыг уриалсан бодлогуудыг хэрэгжүүлж эхэлсэн билээ. Үүнд хүүхэдтэй айл өрхүүдэд тулгарч буй санхүүгийн болон нийгмийн дарамтуудыг бууруулах, урамшуулал олгож, татварыг бууруулах зэрэг арга хэмжээ багтсан юм.
Гэсэн ч олон жилийн турш "нэг хүүхэд" бодлого баримталж ирсний үр дүнд мөн амьдрөлын өртөг өндөр байгаа нь иргэд олон хүүхэдтэй болохоос зайлсхийх шалтгаан болжээ.
Энэтхэг улс БНХАУ-ыг хүн амын тоогоороо тэргүүлэх хандлагатай байгаа ба 2021 онд л гэхэд БНХАУ-д 1000 хүн тутамд 7.52 төрөлт оногдож байсан бол 2022 онд энэ тоо 6.77 болж буурсан нь тус улсын түүхэн дэх хамгийн бага үзүүлэлт болоод байна. 2021 онд Хятадад 10.62 сая төрөлт бүртгэгдсэн бол 2022 онд энэ тоо 1 саяаар багассан байна.
Түүнээс гадна 2021 онд тус улсад 1000 хүн тутамд 7.18 нас баралт бүртгэгдсэн бол 2022 онд энэ тоо 7.37 болж нэмэгджээ. Цай Фангийн хэлснээр Бээжин нийгэм хамгааллын бодлогоо өөрчилж, ахмад настны асаргаа сувилгаа, өндөр настны тэтгэврийн асуудлыг сайжруулах шаардлагатай аж.
Учир нь эдгээр нь ойрын ирээдүйд Хятадын эдийн засгийн өсөлтөнд нөлөөлөх нь гарцаагүй гэжээ. Хятадын нийгмийн сүлжээнд иргэд Хятадын хүн ам буурч байгаа явдалд цочирдохгүй байгаагаа илэрхийлжээ.
Интернет хэрэглэгчдийн бичиж байгаагаар иргэд хүүхэд гаргахыг хүсэхгүй байгаа нь орон байр, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний өртөг өндөртэй холбоотой аж.
Хятадын хүн амын өөрчлөлтийг судлаач, Висконсин-Мэдисоны их сургуулийн эх барих, эмэгтэйчүүдийн салбарын судлаач И Фусяны хэлснээр Хятадын хүн амын урвуу өсөлт нь Хятадын засгийн газар болон НҮБ-аас тооцоолсноос 10 орчим жилийн өмнөөс эхэлж байна гэдгийг онцолжээ.
Эх сурвалж: The Guardian
Содномцэрэнгийн Энхзаяа
ikhmongol.mn