ХАРААТАЙ
Сувилагч нарыг гүйлдэхээ больж, дусал тариаг нь салгаж, мэс заслын дараа мэдээ орсныхоо дараа Алексей чих тавин чагнаж эхлэв. Хоёр нүдийг нь боожээ. Эмч нар түүнд хэлэхдээ мэс засал амжилттай болж өнгөрсөн ч хоёр гурван хоногтоо боолттойгоо явах шаардлагатай гэв...
Урд өдөр нь болсон осол түүнийг энд авчирчээ. Хоёр нүднийх нь эвэрлэг бүрхэвч гэмтсэн байв. Эмч хоёуланг нь аварна гэж амласан ч нэг нүд нь нөгөөгөөсөө илүү хүнд гэмтсэн байлаа.
Энэ тухай ээждээ дуулгамааргүй байв. Дуулах л юм бол алс холоос ч хамаагүй дорхноо л хүрээд ирнэ... гагцхүү зүрх нь дийлэхгүй байж мэднэ. Алексей муу ээжийгээ их өрөвддөг байв. Нэг бүсгүйтэй амьдарч байснаа салаад удаагүй тул тэрээр энэ нөхцөл байдлаас бие даан гарахаар болов.
Тэрээр чих тавин чагнавал өрөөндөө ганцаараа биш гэдэг нь илт.
- Энд хүн байна уу? гэж тэр асуулаа.
- Тийм ээ, байна. Би таныг унтаж байна гэж бодлоо. Би таны хөрш. Намайг Сергей гэдэг. Харин та Алексей, би мэднэ.
- Та бид хоёр хоёулаа юм уу?
- Тийм ээ. Энэ өрөө хоёр хүнийх. Энд хоёр ор, нэг цонх, нэг ширээ, бас ариун цэврийн өрөө бий. Ямар нэгэн юм хэрэг болбол санаа зовох юмгүй хэлээрэй. Би тусална.
- Юм уух юмсан.
Алексей хөршийнх нь ор чийхрах дуу, эмнэлгийн шаахай чирэгдэх чимээ. Дараа нь аяганд ус хийх дууг чагнан хэвтлээ. Энэ бүхэн хурдан болж өнгөрсөнгүй. Хөрш нь настай хүн бололтой. Тэрээр Алексейг мөрнөөс нь өндийлгөн гарт нь стакантай ус бариулав.
- Одоо цаг хэд болж байна? гэж Алексей асуулаа.
- Орой. Бүрэнхий болж байна. Гэхдээ цонхоор их сайхан харагдаж байна. Замын гэрэлд цас мөнгөрөн гялтганаад л... Зөөлөн бударч байна. Хүмүүс халтирч гулсаад л... Өвөл өө гэж... – хөрш нь цонхны дэргэд зогсож байгаа бололтой.
- Тийм ээ. Өчигдөр энэ гөлгөр мөснөөс болж би энд ирсэн. Чөтгөр аваг!
- Зүгээр дээ, эмч нар таныг хараа орно гэсэн. Та жаахан л тэвччих. Хүний зовлонд цаг агаар буруутай байдаггүй юм. Цаг агаар гэдэг чинь ердөө л цаг агаар шүү дээ.
Сергей энэ үгээ хачин тайвнаар хэлсэнд Алексейн зам дээрх цас мөсөнд уурлах уур гарч, тэр унтаад өгөв.
Маргааш өглөө тэд сувилагчийг өрөөнд орж ирэх чимээнээр сэрцгээв. Сувилагч бүсгүй Алексейг орноос нь босгон нүүр гараа угаахад нь тусалж, эмчийн үзлэгт бэлдэв. Тэрээр хөрштэй нь удаан зууралдсангүй. Хөрш нь өөрөө өөрийгөө болгоод сурчихсан бололтой... сувилагчаас тусламж авсангүй.
Үзлэг хийхээр ирсэн эмч эсрэгээрээ Алексейн дэргэд удсангүй... харин хөрштэй нь нэлээн удаан ярилцав. Тэдний ярианаас Алексей хөршөө толгойдоо хавдартай бөгөөд тэр нь хараанд нь нөлөөлөөд байгааг ойлгов. Энэ талаар дараа нь Сергейгээс лавлаж асуусанд цаадах нь “тархин дотор нэг олиггүй юм бий болоод...” гэв. Хөрш нь өвчнийхөө талаар ярих дургүй байгааг мэдээд Алексей юм нэмж асуусангүй.
Сергей дээр эхнэр нь ирдэг байв. Ирэхдээ гэрийн, салахын аргагүй сайхан борщ, халуун хуушуураар Алексейг дайлдаг байлаа. Дөлгөөхөн байрын тэр эмэгтэй Алексейд саад болохгүйг хичээн өвгөнтэйгөө нам дуугаар ярьдаг байв. Заримдаа Сергей рүү хүү охин хоёр нь ээлжлэн залгана.
Осолд орсон тухайгаа Алексей зөвхөн ажлынхандаа дуулгаж “сандралдах хэрэггүй дээ... би зүгээр" гэв. Хэсэг хугацааны дараа тэр өрөөгөөрөө явж, ариун цэврийн өрөөнд ч өөрөө ордог болов. Ээж рүүгээ залгаад “би зүгээр” гэж худал ярихад нь хөрш нь зовлонгийн ойлгох тул чимээгүй өнгөрнө...
Оройн цагаар Сергей уйдахдаа цонхоор юу харагдаж байгааг Алексейд ярьж өгдөг байв:
- Тэнд гол харагдаж байна. Хараач, нэг нөхөр загас барихаар гараад ирчихэж. Голын мөс хараахан зузаараагүй байхад эрсдэлтэй л юм... Голын цаана ямар өтгөн ой ургаж байна гээч, Алексей... та лав төсөөлөхгүй дээ!
Нэг бол...
- Ай, Лёш, өнөөдөр моддын мөчир дээр хяруу буугаад, ямар хэврэг харагдаж байна. Тэнгэрт үүлс нүүх нь алгуурхан бөгөөд ихэмсэг, үлгэр л гэсэн үг гэнэ.
- Сергей, та ном бичмээр юм. Та бичиж үзсэн үү? – хөршийнх нь өгүүлэмж болхидуу ч тэрээр цонхны цаана өрнөж байгаа зүйлсийг нэгд нэгэнгүй, тодхон дүрслэх ажээ.
- Үгүй дээ гээд хөрш нь инээлээ. Би амьдралдаа их юм үзсэн. Харин ном бичиж үзээгүй юм байна. Тэгж үзээгүй нь дэмий ч байж уу. Энэ хорвоог дүрсэлж байвал зохилтой гэв.
Сергей олон жил уурхайд ажилласан аж. Хөдөлмөрийн хүнд нөхцөлөөр тэрээр тэтгэвэрт эрт сууж, гэрээрээ нутгаа бараадан нүүж ирсэн байж. Зохиолч байгаагүй ч дүрслэн ярих нь яг л уран зохиолч хүн шиг ажээ. Тэд цонхны дэргэд, тавцанг нь түшин хамт зогсоно.
- Тэднийг хар даа... дурлалт хос гүүрэн дээгүүр зугаалж явна. Жиндүү байгаа бололтой, залуу нь ороолтоо тайлаад бүсгүйнхээ хүзүүгээр ороогоод өгчихлөө. Хайрлаж байна гэж... Хэсэг хүүхдүүд уулнаас гулсаж байна. Зарим нь чаргаар, зарим нь картон дээр суучихсан гулсаж байна. Нил цас болчхож дүрсгүй золигнууд.
Энэ бүх дүрслэлийг сонсоход сэтгэлд нэг л дулаахан. Алексейд бүхнийг цонхоор өөрөө харж байгаа мэт санагдах аж. Хорвоог нээрээ л үзэж, танилцаж байвал зохилтой. Үүнийг Алексей хөршийнхөө ярианаас л сая ухаарчээ.
Хоёр нүд нь хөндүүрлэн өвдөж, өөрийн эрхгүй “эдгэх болов уу яах бол?” гэх бодол төрүүлнэ. Алексей хараа орох үгүйдээ эргэлзэнэ... Гэтэл тэрээр энэ цана хөөрөг, жаргах нар, дүрсгүй хөвгүүдийг нүдээрээ харах ёстой юм. Амьдрал нь дөнгөж эхэлж байхад...
Нүднийх нь боолтыг дөрвөн хоног авсангүй. Дөрөв дэх өдрийн өглөө нь Сергейг гэрт нь гаргалаа. Эхнэр нь түүнийг гаргаж авахаар ирэхдээ Алексейг гарынхаа хоолоор дахин нэг дайлав. Тэд ихэд дотно байдлаар салцгаав. Сайхан хүмүүс.
Үдийн хоолны дараа Алексейгийн нэг нүднийх нь боолтыг авлаа. Толгой нь эргээд байсан тул сувилагч бүсгүй түүнийг өрөөнд нь оруулж өгөхөөр болов. Бүсгүй нэг гараараа өрөөнийх нь хаалгыг нээж Алексейг гараас нь түшисхийн ор руу нь хөтлөн явлаа. Доошоо харчихсан явж байсан Алексей цонх руу хальт харснаа дороо зогтусан зогсов. Өрөөнийх нь цонх зэргэлдээх өндөр барилгын цонхгүй, битүү хананд тулсан байх нь тэр.
- Та яагаа вэ? Бие тань тавгүйрхээ юу? гэж сувилагч бүсгүй асууж байна.
Алексей цонхоор харлаа.
- Энэ миний хэвтэж байгаа өрөө мөн үү? Манай цонхон доогуур гол урсдаггүй юм уу? Сергей ярихдаа цонхоор гол, парк, гүүр харагдаж байна гэсэн шүү дээ.
Сувилагч бүсгүй толгой сэгсрээд:
- Хөрш тань юм харах учиргүй. Хараагүй болоод олон жил болж байгаа юм...
- Тэгвэл тэр яах гэж ийм тийм юм харагдаж байна гэж ярьдаг байсан юм бол?
- Таны сэтгэлийг засах гэж юм болов уу гээд сувилагч бүсгүй санаа алдав. – Сергей Иванович хорт хавдартай... эмч нар түүнийг эмчилгээгүй болсон болохоор нь гэрт нь гаргасан юм гэснээ “Магадгүй тэр мөрөөдлөө биелүүлсэн байх. Тантай байхдаа тэр хараатай байж...” гээд бодлогошронгуй нэмж хэлэв.
Тэр орой Алексей цонхны дэргэд ганцаархнаа битүү хана харж зогсохдоо бүхнийг харж байлаа: гол мөрөн, ой мод, алгуурхан хөвөх үүлс... Мөн хэчнээн үзэсгэлэнтэйг нь өмнө нь огт анзаарч байгаагүй хорвоо дэлхийг бүхэлд нь. Одоо түүний амьдрал тэс өөр байх болно.
Хорвоогийн сайн сайхан гэдэг түүнийг тольдон харж буй хүний сэтгэлд нь байдаг ажээ. Эргэн тойрноо анхааралтай нэг хар, нөхөд минь.
Орчуулсан: Өлзийбатын Уянга