Монголчууд хүүхдээ боддогоо л больчих тэгэх үү.
Монголчууд "хүүхдийнхээ л төлөө" салж сарнихгүй хажууд нь хэрэлдэж уралдаад, "хүүхдийнхээ л төлөө" хүүхдээ зодож балбаад, "хүүхдийнхээ л төлөө" хөдөлмөрлөж, тэрэндээ стрессдэж уураа хүүхдэдээ гаргаад, "хүүхдийнхээ л төлөө" нэг дүү гаргаж өгөөд, дүүгээ хар барь гэж загнаад, "хүүхдийнхээ л төлөө" завгүй ажилласаар байгаад улс орныхоо хөгжилд ч оролцож, улс төрчдөд шаардлага тавьж чадахгүй, "хүүхдийнхээ л төлөө" амьдарсаар байгаад өөрсдийн зорилго, мөрөөдөлгүй, өөрсдийнхөөрөө аз жаргалтай амьдарч чадаагүй, нэг тийм ярвайсан, стрессдсэн, амьдралд гомдсон хүмүүс болчихсон байх юм.
Хүүхэд хөгжлийн хамгийн эхний алтан дүрэм бол хүүхдэд сэтгэлзүйн тайван орчин бүрдүүлж өгөх шүү дээ. Хүүхдийн дэргэд хэрүүл хийх ч бас хүүхдийн хүчирхийлэл шүү.
Монголчууд эхлээд өөрсдийгөө хайрладаг, боддог, өөрсдийгөө таньдаг мэддэг, гэрлэх хүнийхээ мөн чанарыг бас хальт ч болов таничихаад хүүхэдтэй болмоор байнаа. Өндөр боловсролтой нтр байгаад нэмэр байхгүй, аав ээжээсээ харж өссөн гэр бүлийн хүмүүжлээр өөрийнхөө гэр бүлийг бүтээгээд яваад байна. Хүүхдийн дэргэд аав ээж нь муудалцах үед хүүхдийн дотор ямар хэцүү, ямар аймар мэдрэмжүүд хурж, хүүхэд ямар их стресст өртдөг гээч. Мэдмээр байвал хүүхэд байхдаа аав ээж хэрэлдэх үед ямар санагддаг байснаа санаад үзээрэй.
Боловсрол судалдаг ухаантай хүний хувьд хэдэн алтан дүрэм сийрүүлье:
1. Хүүхдийн зайлшгүй хэрэгцээ гэдэг ахуйн хэрэглээгээр хязгаарлагдахгүй бөгөөд хүүхэд эрүүл, аз жаргалтай өсөн торних үндэс нь сэтгэлзүйн тайван байдал
2. Хүүхдийн зайлшгүй хэрэгцээ бол нөхцөлгүйгээр хайрлуулах, хайр мэдрэх, гэр бүл, нийгэмдээ хүлээн зөвшөөрөгддөг, хүндлэгддэг байх
3. Хүүхдийн хүчирхийлэл гэдэгт биед хүрэхээс гадна үгээр загнах, доромжлох, үл тоох, хажууд нь хүчирхийлэл үйлдэх, сөрөг үйлдэл гаргах гээд маш олон зүйл багтана.
4. Бага насны хүүхдэд трауматик үйл явдал тохиолдсон (аав ээж нь нүдэн дээр нь хэрэлдэж зодолдсон, ах, эгч, дүүг нь зодсон, хүүхдийг зодсон, загнасан, ихээр айлгаж сүрдүүлсэн, орхигдуулсан, гм) бол дахин 14 хоногийн турш трауматик үйл явдал дахин тохиолдохоос сэргийлэх шаардлагатай. Энэ хугацаанд хүүхдэд аюулгүй (биеийн ба сэтгэлзүйн хувьд) орчныг бүрдүүлж, сэтгэлзүйг маш сайн хамгаалах хэрэгтэй.
5. Багадаа сэтгэлзүйн хүчтэй сөрөг цохилтууд авсан хүүхэд насанд хүрээд өвчинд их эмзэг болдог. Өөрөөр хэлбэл хүүхдийг траумад автуулах нь ирээдүйд дархлааны системийг муутгана л гэсэн үг. (Adverse Childhood Experiences)
6. Сэтгэлийн шарх харамсалтай нь тэр бүр эдгэдэггүй. Хичнээн эмчилгээ хийлгэж, сэтгэлзүйчтэй тогтмол ажилласан ч хүүхэд насны шарх даанч гүн сорвитой.
7. Хүүхдийг хэзээ ч, юунд ч битгий буруутга.
8. Хүүхэд эцэг эхийнхээ харц, биеийн хөдөлгөөнөөс л сэтгэлзүйн таагүй байдал, таатай байдлыг мэдэрч байдаг тул эхлээд ӨӨРӨӨ ӨӨРИЙГӨӨ ХАЙРЛАЖ сур.
9. Хүүхэд бүр өөр өөрийн гэсэн генийн өгөгдөл, дахин давтагдашгүй онцлогтой байдаг тул хэзээ ч түнийг бусадтай харьцуул. Нэг айлын 2 хүүхэд ч тэс ондоо байж болох тул хүүхэд бүрээ сайн ажиглаж, өсгөх хэрэгтэй.
10. Сэтгэлийн шархыг мөнгөөр арилгаж болдоггүй тул мөнгө үнэ цэнтэй юу, хүүхдийн минь сэтгэлзүй илүү үнэ цэнтэй юу нэг бодож үзээрэй.
Энхтөгс Суньяа