ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн лхагва гарагт Хүний эрх, Иргэний нийгмийн хөгжлийн зөвлөлийн гишүүдтэй хийсэн уулзалтынхаа үеэр ОХУ-Украины дайн сунжрах төлөвтэй байгаа ч дахин цэрэг татлага зарлахгүй хэмээн мэдэгджээ.
Өнгөрсөн 2-р сарын сүүлээр ОХУ Украин руу довтолсноос хойш ОХУ-ын Ерөнхийлөгч В. Путин уг дайн хэр хугацаанд үргэлжлэх талаар ямар нэг мэдэгдэл хийж байгаагүй ч энэ удаа тэрээр дайн хэсэг хугацаанд үргэлжлэх төлөвтэй байгааг хүлээн зөвшөөрсөн байна.
Өнгөрсөн хэдэн саруудад барууны орнуудын илгээсэн зэр зэвсгийн тусламжтай Украины сөрөг довтолгоо амжилттай болж, Оросын арми ухрахад хүрсэн билээ. В. Путин цөмийн дайны эрсдэл нэмэгдэж байгаа ч ОХУ ямар ч бодлогогүйгээр цөмийн зэвсэг ашиглана гэж заналхийлэхгүй гэдгийг онцолжээ. Тэрээр, "Бид арай солиорчихоогүй байна. Цөмийн зэвсэг гэж юу байдгийг бид мэднэ. Өөр бусад цөмийн зэвсэгтэй улс орнуудтай харьцуулахад ийм төрлийн зэвсэг манайд илүү орчин үеийн, сайжруулсан хэлбэрээр байгаа... Гэлээ гээд бид энэ зэвсгээ баруун солгойгүй ашиглаад байхгүй." хэмээн мэдэгдсэн байна.
Өнгөрсөн 9, 10-р сард ОХУ цэрэг татлага зарлаж, нийт 300 мянган цэрэг татсаныхаа 150 мянга орчмыг нь Украин руу илгээсэн ба тэдгээрийн 77 мянга нь тулаанд оролцож, үлдсэн 150 мянга нь одоог хүртэл бэлтгэл сургуулилтын шатандаа байгаа хэмээн Ерөнхийлөгч В. Путин онцолжээ. Тулааны талбарт Оросын арми ухарч, Херсон хотыг алдсан ч Ерөнхийлөгч В. Путин Украинд "цэргийн тусгай ажиллагаа" эхлүүлсэндээ харамсахгүй байгаа гэжээ. Ингэхдээ тэрээр ОХУ Донецк, Луганск, Херсон болон Запорожье мужуудыг ОХУ-д нэгтгэн уг дайны үр дүнд "шинэ газар нутагтай" болсон хэмээн мэдэгдсэн байна.
Эх сурвалж: BBC
Содномцэрэнгийн Энхзаяа
ikhmongol.mn