МЕССИГИЙН АРГЕНТИН ЯМАР БАГ ВЭ?
Ballon d'Or хэмээх Дэлхийн шилдэг хөлбөмбөгчний цомын долоон удаагийн эзэн энэ залуу энэ ДАШТ-д шуугиулах л учиртай. Баг нь эхнээсээ жигдэрч байна, хамт олон нь ч олон талтай тоглож байна. Зөвхөн Лионель Мессид найдаж түүнийг бөмбөгөөр булаад байх бус нөгөө бусад тоглогчид нь өөрсдөө санаачлагатай тоглож, хариуцлагыг өөртөө авах нь Аргентиний шигшээ багийн амжилтын түлхүүр юм. Яг ингэж ч тоглоод эхэллээ.
Польшийн эсрэг олон талтай, өргөн цар хүрээнд тоглосон. Фернандес, Альварес нарын залуу одод нь эрэмгий, хурц байна. Де Пауль, Паредес, Макаллистер нарын ид насны одод нь дайчин, зоримог байна. Ди Мариа, Отаменди нарын ахмад одод нь хүчирхэг, уртай хэвээр байна. Тэгээд дээр нь, тоглох, хожих, илүүрхэх эр зоригоо бүтэн багаараа эргүүлээд олчихлоо. Эргүүлж олж авсан итгэл, тоглолт, эв дүйгээ өнөөдөр Австралитай хийх тоглолтод илүү лавшруулаад, баталгаажуулаад, бэхжүүлж аваад хожчихвол ч Аргентин маань жигдэрлээ, жигдэрлээ.
Товчхондоо, том амжилтад зорьж буй багт байх ёстой бүхэн л тэдэнд байна. Байхгүй эсвэл эхний тоглолтын хожигдлоос болоод гээсэн бүхнээ тоглолтоос тоглолтод буцаан сэргээж л явна даа.
Харин дээр нь нэмээд довтлогч Лаутаро Мартинес идэвхтэй тоглолт, ганц нэг гоолоороо нэмэр болоод, хаалгач Эмилиано Мартинес илүү найдвартай байж, ирсэн бөмбөгүүдийг хуу цэвэрлээд байвал ч Аргентиний шигшээгийн өөртөө итгэх итгэл илүү сайхан болчих гээд л байна. Тэгж чадах ур нь тэр хоёрт угаасаа байдаг л даа. ДАШТ гэдэг том нэрний сүр хүчнээс л жаахан барьц алдаад байх шиг.
Юутай ч, тээр жил буюу 2010 оны ДАШТ-д Испани эхний тоглолтдоо Швейцарьт хожигдсон ч энэ нь тэдэнд том сургамж болж, улмаар хэсгээсээ нэгээр гарсан төдийгүй тоглолтоос тоглолтод жигдэрсээр дэлхийн аварга болсон тэр түүх давтагдах юм шиг санагдаад байгаа. Үгүй юм гэхэд финал ойрхон л харагдаад байна.
Ж.Баяржаргал