Өнгөрсөн даваа гарагт болсон Энэтхэг улсын үндэсний баярын ёслолын үеэр тус улсын Ерөнхий сайд Нарендра Моди эрчим хүч, батлан хамгаалах, тоон технологийн салбар дахь дотоодын үйлдвэрлэлийг дэмжих бодлогууд танилцуулснаас гадна Энэтхэг улс ирэх 25 жилд хөгжингүй орон болох зорилт тавьж буйг онцолжээ.
Британийн колоничлолоос ангижирч, тусгаар тогтносны 75 жилийн ойн баярын үеэр хэлсэн үгэндээ Ерөнхий сайд Нарендра Моди залуусыг "өмнөө том зорилт тавьж", улс эх орныхоо төлөө зүтгэхийг уриалжээ. Тэрээр, "Бид Энэтхэгийг ирэх 25 жилд хөгжингүй орон болгох ёстой." хэмээн онцолсон байна.
Энэтхэгийн далбааны өнгө орсон алчуур толгойдоо ороосон 71 настай Н. Модигийн баярын ёслолын үеэр хэлсэн үг 75 минут үргэлжилсэн ба түүний хэлснээр хөгжингүй орон болох нь маш том зорилт бөгөөд энэтхэгчүүд бүгд уг зорилтыг биелүүлэхийн тулд бүхий л чадлаараа зүтгэх ёстой аж.
Дэлхийн банкны ангиллаар Энэтхэг улс нь бага дунд орлоготой улс орнуудын тоонд багтдаг ба тус улсын нэг хүнд ноогдох ДНБ нь 1086-4255 ам.долларт хүрэх аж.
Өндөр орлоготой орнууд тэр дундаа АНУ-д нэг хүнд ноогдох ДНБ 13 205 ам. доллараас эхэлдэг байна. Энэтхэг нь дэлхийн 6 дахь том эдийн засагтай улс бөгөөд 2023 оны 3-р сар хүртэл эдийн засаг нь 7-гоос дээш хувийн өсөлттэй гарах төлөвтэй байна. Энэ нь бусад өндөр хөгжилтэй улс орнуудтай харьцуулахад эдийн засаг нь маш хурдацтай өсөж буй үзүүлэлт юм. Зарим шинжээчид Энэтхэг улс АНУ, БНХАУ дараагаар бичигдэх эдийн засагтай улс болох өндөр магадлалтай гэдгийг үгүйсгэхгүй байгаа ч тус улсын нэг хүнд ноогдох ДНБ-ий хэмжээ харьцангуй бага хэвээр үлдэх эрсдэлтэйг онцолж байна.
Ирэх жил 1.4 тэрбум хүн амтай Энэтхэг улс хүн амын тоогоороо БНХАУ-ыг гүйцэж дэлхийн хамгийн олон хүн амтай улсаар тодрох төлөвтэй байгаа билээ. АНУ Энэтхэг улс яваандаа Хятадын Ази дахь нөлөөллийг сулруулах чадалтай улс болно гэдэгт итгэж байгаа ба АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден өнгөрсөн ням гарагт Ерөнхий сайд Нарендра Модид илгээсэн баярын мэндчилгээндээ Энэтхэг улс нь АНУ-ын "орлуулж үл болох чухал түнш" болохыг онцолж, хоёр улс дэлхий дахинд тулгараад буй асуудлуудыг шийдэх явдалд цаашид хамтран ажиллах болно гэжээ.
Энэтхэгийн хөрш мөн Британийн колони байсан Пакистан улс өнгөрсөн ням гарагт тусгаар тогтнолын өдрөө тэмдэглэжээ.
Эх сурвалж: Reuters
Орчуулсан: Содномцэрэнгийн Энхзаяа
ikhmongol.mn