АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдений санаачилсан уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, инфляцийг бууруулах, эрүүл мэндийн салбарыг сайжруулах тухай хуулийн төслийг АНУ-ын Сенат 18 сарын турш хэлэлцсэний эцэст баталжээ.
750 хуудас бүхий уг хуулийн төслийг Төлөөлөгчдийн танхим баталж, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден гарын үсэг зурснаар хэрэгжиж эхлэх юм. "Инфляцийг бууруулах тухай хууль" нэртэй уг хуулийн төслийн ачаар Вашингтон уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх явдалд манлайллаа сэргээж, Ерөнхийлөгч Ж. Байдений рейтинг өсгөнө хэмээн ажиглагчид үзэж байна.
Уг хуулийн төсөлд тусгагдсан бүх санаачилгыг хэрэгжүүлэхэд ойролцоогоор 750 тэрбум ам. доллар зарцуулагдах төлөвтэй байгаа ба үүний 370 тэрбум ам. долларыг 2030 он гэхэд хүлэмжийн хийг 40 хувиар бууруулах санаачлагад зарцуулах аж. Үүнд цахилгаан автомашин худалдан авч буй иргэдэд 7500 ам. доллар хүртэлх татварын хөнгөлөлт, нарны үүсгүүр байршуулахад 30 хувийн хөнгөлөлт үзүүлэх тухай тусгасан байна.
Түүнчлэн сүүлийн жилүүдэд ой хээрийн түймрээс болж их хэмжээний хохирол амсаж байгаа ой модыг хамгаалах, байгаль орчинг ихээр бохирдуулдаг аж ахуйн нэгжүүдэд байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл эрхлэхэд нь санхүүгийн дэмжлэг үзүүлэх зэрэг арга хэмжээ багтжээ.
Мөн иргэдийн эрүүл мэнддээ зарцуулж буй мөнгийг бууруулах, томоохон компаниудад өндөр татвар ноогдуулснаар төсвийн хэмжээг нэмэгдүүлнэ гэжээ.
Дээрх бүх арга хэмжээнүүд нь АНУ-ын инфляцийн түвшинг бууруулах ач холбогдолтой аж.
АНУ-ын Сенатын гишүүн Чак Шумерийн хэлснээр уг хуулийн төсөл нь инфляцийг бууруулж, зарлагыг танаж, сая сая ажлын байр бий болгохоос уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх тухай багц хуулиудаас хамгийн зоригтой нь болсон аж.
Эх сурвалж: BBC
Содномцэрэнгийн Энхзаяа
ikhmongol.mn