Ялалтын баярын өдөрт зориулж Варшав дахь Зөвлөлтийн цэргүүдийн оршуулгын газар цэцэг өргөх гэж очсон ОХУ-аас Польшид суугаа элчин сайд Сергей Андреев руу Украины дайныг эсэргүүцсэн иргэд улаан будаг цацжээ.
Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацсан бичлэг дээрээс хувцас болон нүүр нь улаан будаг болсон элчин сайд Сергей Андреевийг Украины далбааг барьсан иргэд бүчсэн байгааг олж харж болох бол нийгмийн сүлжээгээр тархсан бичлэг дээр дайныг эсэргүүцэн жагсаж буй иргэд “фашистууд”, “алуурчид” хэмээн орилж байгаа нь сонсогдож байна.
Болсон явдалтай холбогдуулан ОХУ-ын Гадаад харилцааны яам Варшаваас цэцэг өргөх ёслол дахин зохион байгуулахыг шаарджээ.
Нөгөө талаас ОХУ Украин руу халдсанаас хойш Украины олон сая дүрвэгсдийг хүлээн авсан Польш улс Ялалтын баяртай холбоотой албан ёсны бүх арга хэмжээгээ цуцалсан билээ.
Польшийн Дотоод хэргийн сайд Мариуш Камински өөрийн твиттер хуудсандаа, “ОХУ-ын Украины эсрэг түрэмгийлэл, украинчуудыг олноор нь хомроглон устгаж буйг эсэргүүцсэн иргэдийн цуглаан хууль ёсных байсан. Украин эмэгтэйчүүд эх орныхоо төлөө эр зоригтойгоор тулалдаж байгаа нөхрүүдийнхээ төлөө тус цуглаанд оролцсон.
Польшийн эрх баригчид ОХУ-ын элчин сайдад 5-р сарын 9-нд Варшав дахь Зөвлөлтийн цэргүүдийн оршуулгын газар цэцэг өргөхийг зөвлөөгүй. Цагдаа нар элчин сайдын аюулгүй байдлыг ханах үүднээс хэргийн газраас даруй буцаасан.” гэж бичжээ.
ОХУ-ын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова “нео-нацизмыг шүтэгчид царайгаа харууллаа” хэмээн үүгээрээ оросууд Украинд фашистуудын эсрэг тулалдаж байгааг ахин онцолжээ.
ОХУ-Польшийн харилцаа сүүлийн саруудад эрс муудсан ба барууны орнуудын Украин руу илгээж буй зэр зэвсэг голчлон Польш улсаар дамжиж байгаа юм.
Түүнээс гадна Москва Польшийг Украины баруун хязгаарын бүс нутгийг өөрийн нутаг дэвсгэртээ нэгтгэхийг оролдож байна хэмээн мэдэгдсэн бол Польш Оросын хийг рублиэр худалдан авахаас татгалзаж, ОХУ-ын талаас Польшид хий нийлүүлэхээ зогсоосон билээ.
Эх сурвалж: Reuters
Содномцэрэнгийн Энхзаяа
ikhmongol.mn