Элдэв сөрөг зүйлд бага төвлөр. Хэрэгтэй хэрэггүй олон зүйл үзэж өөртөө мэдээлэл хураахгүй байхыг хичээ. Мөн зурагт, утас бага үзэж, орой унтахдаа Wi-Fi унтраа. Нийгмийн сүлжээнд маш бага хүнийг дага. Тэдгээр хүмүүс яг л бодитой байхаас гадна хэрэгтэй мэдээлэл л өгдөг, нийгэмд тодорхой зөв оролцоотой, хийж бүтээх хүсэл эрмэлзэлтэй хүмүүс байх хэрэгтэй.
Сошиалд байгаа сөрөг мэдээ, лайвыг үзэх хэрэггүй. Ингэж л өөрийгөө хамгаалж, хайрлаж, өөртөө итгэх итгэлээ алдахгүй, өөрийн бодлоор, итгэл үнэмшилээр явах хэрэгтэй.
Хүнийг хамгийн их эвдэж, өөртөө итгэлгүй болгодог зүйл бол сөрөг мэдээлэл унших, юу ч хийж ярихаас буцахгүй хүмүүсийг дагах, юу дуртайгаа сурталчилан лайв хийдэг хүмүүс, бохир шүүмжлэл унших зэрэг байдаг.
Магадгүй та өөртөө итгэлгүй, өөрийн амьдрал эргэн тойрны хүмүүстээ хангалуун бус байх тусмаа таны үздэг, дагадаг хүмүүс танд болон таны амьдралд муугаар нөлөөлж, таны өөртөө итгэх итгэлийг сорж байдаг. Анзаараад үзээрэй.
Танд өөрийн гэсэн үзэл бодол, итгэл үнэмшил, аиьдралын чиг баримжаа гэдэг зүйл байх ёстой. Энэ нь танай гэр бүл тогтвортой, аз жаргалтай, тайван байхад илүү нөлөөтэй. Ялангуяа хүүхдийн тань хүмүүжилд маш том хөрөнгө оруулалт болно.
Бусдын зүйлд хэт төвлөрөх нь бусдынхаар байж өөрийн амьдралын сайн зүйлүүдийг анзаарахгүй өнгөрдөг.
Хэн нэгнийхээр биш өөрийнхөөрөө бүхнийг бий болго. Өөрийн итгэл, үзэл бодол, үнэт зүйл гэх мэт. Өөртөө биш бусдад төвлөрөөд байвал амьдралаа үрсээр байна. Бусдын амьдралд төвлөрөхөд дэндүү хайран амьдрал цаг хугацаа шүү дээ.
Сэтгэл зүйч Н. Ариун-Эрдэнэ