Хойд Солонгосын эрх баригчид тамирчдаа коронавирусын халдвар авах эрсдлээс сэргийлж энэ зун Японы нийслэл Токиод болох Олимпийн наадамд тамирчдаа оролцуулахгүй байхыг шийдвэрлэжээ.
Коронавирусын цар тахал эхэлснээс хойш Хойд Солонгос улс коронавирусын халдвар тархахаас сэргийлж хилээ хааж, бусад улс орнуудтай огт харилцаагүй болсон гэж хэлж болох юм.
Тус улсын зүгээс улсад нь коронавирусын халдварын тохиолдол бүртгэгдсэн эсэх талаар ямар ч мэдэгдэл хийгээгүй ч ажиглагчид Хойд Солонгост коронавирусын тохиолдол бүртгэгдээгүй гэдэгт итгэхгүй байгаагаа илэрхийлсээр байгаа билээ.
Сүүлийн саруудад Хойд Солонгост ажиллаж амьдарч байсан гадаадын дипломатчид болон олон улсын төрийн бус байгууллагуудын ажилчид хоол хүнсний хомсдол, хатуу хязгаарлалт зэрэг шалтгаанаар тус улсаас олноороо дайжиж эхэлсэн талаар Пхеньян дахь ОХУ-ын элчин сайдын яамнаас мэдээлсэн юм.
Хойд Солонгосын Спортын мэдээ мэдээлэл бэлтгэдэг DPRK Sports сонинд бичсэнээр Хойд Солонгосын эрх баригчид "коронавирусын цар тахлаас болж үүссэн дэлхийн эрүүл мэндийн хямралаас тамирчдаа сэргийлэх" - ийн тулд энэ зун болох Олимпийн наадамд оролцохгүй байхаар шийджээ.
Уг шийдвэрийг БНАСАУ-ын Олимпийн хороо өнгөрсөн сарын 25-нд хийсэн цахим хуралдаанаар гаргасан байна. Хойд Солонгосын хувьд 1984 оны Лос Анжелесийн Олимпийн наадам, 1988 оны Сөүлийн Олимпийн наадамд оролцож байгаагүй билээ. 2018 онд хоёр Солонгосын эрх баригчид 2032 онд хамтдаа Олимпийн наадмыг зохион байгуулах дээр зөвшилцөлд хүрсэн ч 2019 онд уг хэлэлцээрийг цуцалсан юм.
Токиогийн Олимпийн наадмыг ирэх 7-р сарын 23-наас 8-р сарын 8, Паралимп 8-р сарын 24-нөөс 9-р сарын 5-ны хооронд зохион байгуулахаар төлөвлөөд байгаа юм. 2020 онд зохион байгуулагдах байсан Токиогийн Олимпийн наадмыг коронавирусын цар тахлын улмаас хойшлуулсан билээ.
Өнгөрсөн сард Токиогийн Олимпийн наадмыг зохион байгуулагчид хуралдаж, Олимпийн ба Паралимпийн наадамд гадаадын улс орнуудын үзэгчдийг оруулахгүй байх шийдвэр гаргасан юм.
Эх сурвалж: https://edition.cnn.com/2021/04/05/asia/north-korea-olympic-games
Орчуулсан:
Содномцэрэнгийн Энхзаяа
ikhmongol.mn