Манба Дацан нэгдсэн эмнэлгийн зөвлөх эмч, Оточ Манрамба их сургуулийн дэд захирал, АУ-ны доктор, дэд профессор Г.Одонцэцэгтэй хавдарын өвчнийг уламжлалт аргаар хэрхэн эмчлэх тухай ярилцлаа.
-Уламжлалт анагаах ухаанд хавдар өвчинг ямар шалтгаанаас болж үүсдэг гэж тайлбарладаг вэ?
-Уламжлалт анагаах ухаанд өвчнийг шалтгаанаар нь ангилахдаа нэгд, зарим өвчин урьдын муу үйл боловсорсноос үүссэн өвчин гэж байна. Ийм өвчин нь өвчин үүсгэх идээ, явдал мөр зэрэг янз бүрийн шалтгаан бүрдээгүй байхад үүсэх нь элбэг байдаг. Түүний явц түргэн, хүндрэл ихтэй байдаг бөгөөд аль ч шатанд нь эмчилгээ хийсэн ч ихэвчлэн үхэлд хүргэдэг. Хоёрт, энэ насанд өөрийнх нь үйлдсэн зүйл, идэж уусан идээ унд, цаг агаар, гадны хүчин зүйлс буруудсанаас шалтгаалан үүссэн өвчин гэж байна. Ийм шалтаантай өвчний явц хэвийн, хүндрэл бага, эмчилгээ хийхэд эдгэрэлт сайн байдаг. Гуравт, урьдын муу үйл болон энэ насны шалтгаан хоёр холилдсоноос шалтгаалсан өвчин гэж бий.
Ийм өвчний тавилан нь урьдын муу үйлийн хүч хэр зэрэг байгаатай уялдаатай байдаг. Яагаад энэ талаар дэлгэрэнгүй тайлбарлаад байна вэ гэхээр, уламжлалт анагаах ухаанд “хавдар өвчний шалтгаан нөхцөлийн нэг нь урьдын муу үйлээс болж үүснэ” хэмээн үздэг учир үхэх тавилантай байх магадлал өндөр хувьтай байдаг гэсэн үг. Нөгөө талаар энэ насандаа идээ, явдал мөрөө буруудуулснаас үүссэн шалтгаантай бол эрт үед нь оношлоод, эмчилгээгээ ёсчилон хийлгээд эдгэх магадлал өндөр байна.
-Хавдарын өвчин урьдын муу үйлийн үртэй холбоотой байхаас гадна идэж ууж байгаа зүйл, амьдралын буруу хэв маягаас үүсдэг гэж хэллээ. Энэ талаар та тодруулна уу?
-Ер нь ганцхан хавдарын өвчин ч бус аливаа өвчин эмгэг буруу зүйл хэрэглэсэн, эсвэл бие, хэл, сэтгэлээр буруу үйл үйлдсэнээс болж л үүсдэг. Хавдарын өвчнийг уламжлалт анагаах ухаанд хамт төрсөн шархны өвчний ангилалд тооцдог. Тэгэхээр хавдрын эх үүсгүүр хүний биетэй хамт төрдөг бөгөөд хэрэв түүнийг эмгэг өвчинд урвуулах шалтгаан нөхцөл бүрэлдэх аваас тэр даруйд биеийн аль ч хэсэгт хавдар үүсч, хуйларч хатууран ургахад бэлэн байдаг гэсэн үг.
-Хавдар ямар нөхцөлүүдээс болж үүсдэг юм бэ?
-Янз бүрийн бэртэл гэмтлийн улмаас аль нэг эрхтэнд цусны гэм орсноор хавдар үүсэх нөхцөл болно. Мөн халуун, исгэлэн чанартай хоол, ундааг хэтрүүлэн хэрэглэснээр цусны гэм үүсч элэг, ходоод зэрэг хоол боловсруулах эрхтэнд муу цусны гэмээр халуун мөн чанартай хавдар үүснэ. Харин шингэхэд бэрх хүйтэн сэрүүн чанартай хоол тогтмол хэрэглэх, хоорондоо үл зохицох хоол ундыг хэрэглэх зэрэг нөхцөлөөр ходоодонд эс шингэн, түүгээр бадган сальс арвидаж, үүний улмаас хүйтэн мөн чанартай хавдар үүсгэх нөхцөл болно. Мөнхий, шар, бадганы бэлгэ чанарын хямралаар биед муу цус дэлгэрч, судсанд сарниж, хийгээр хуйларснаар хавдар өвчнийг үүсгэдэг.
-Монголчууд хавдар өвчнийг ихэвчлэн хожуу үедээ оношлуулдаг. Уламжлалт анагаах ухаанаар хавдрын аль шатанд нь эмчлэх боломжтой вэ?
-Ер нь аль болох эхний шатандаа байгаа үед л оношлуулж, яаралтай эмчилгээ, мэс засал хийлгэх хэрэгтэй. Гэвч бидэнд хандаж байгаа нь ихэвчлэн хожуу үедээ ирж байна. Тэр тусмаа химийн эмчилгээ, мэс заслын эмчилгээ хийлгээд, эцсийн шатандаа орсон, бүр өвчин намдаах эмэндээ дарагдахаа больсон үед нь ирэх нь элбэг байдаг
-Та бүхэнд хавдартай хүн хандаад эдгэрч байсан талаар сонсож байсан. Ямар эмчилгээ хийдэг юм бэ?
-Хавдрын үе шатанд нь тохирсон, химийн эмчилгээний дараах эмчилгээ, хөнгөвчлөх эмчилгээг ч хийдэг. Мөн давхар сэтгэл зүйн эмчилгээ хийнэ. Ингэхдээ уламжлалт анагаах ухааны эрдсийн гаралтай эм, ургамлын найрлагатай эм өгнө. Тэдгээр нь хавдрын ургалтыг сааруулах, өвдөлтийг намдаах, зарим хавдрыг зөөллөх, туулгах, муу цусыг цэвэршүүлэх, цус алдахаас сэргийлэх зэрэг эмчилгээ хийдэг юм. Эмчилгээний үр дүн ч зарим тохиолдолд гарч байна. Гэхдээ бүх хавдрыг эдгээж чадна гэж хэлэх боломжгүй. Өмнө хэлсэнчлэн хавдар өвчин бол тавилан муу байх эрсдэл өндөр өвчин учраас амь насыг авах нь гарцаагүй болчихсон үед хэн ч тус болж чадахгүй гэдгийг ойлгох хэрэгтэй
-Аливаа өвчин сэтгэл санааны байдалтай ихээхэн холбоотой гэдэг. Танай эмнэлгээс өвчтөнд сэтгэлзүйн зөвлөгөө өгдөг юм байна. Мөн шашны зан үйл хийдэг үү?
-Эрүүл хүн ч уурлаж, бухимдаж, шаналаад байх юм бол өвчин үүсдэгтэй адил хавдарын өвчтэй хүний сэтгэл зүйн байдал тогтворгүй байвал өвчний явц болон зовуурь ихэсч, улам хүнд болно. Ер нь хүн хавдартай гэдгийг мэдээд цочирдож, шууд л үхэл бодогдоно. Өвчнийг тэвчих, тайвнаар хүлээж авах сэтгэлийн тэвчээр хамгаас чухал байдаг гэсэн үг. Өөрийнх нь өвчин өөртэй нь хамааралтай учраас боломжтой бол өөрөө бурхны номын уншлага ерөөл, тарнийг нь урин уншиж сэтгэл санаагаа уужуу, тайван байлгахыг хичээх хэрэгтэй.
-Иргэдэд зориулж, хавдар өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж өгнө үү?
-Хүн болгон бие болоод сэтгэлээ эрүүл байлгахын тулд эрүүл мэндийн мэдлэгтэй болж, зөв сонголт хийдэг болох хэрэгтэй байна. Ер нь буруу, муу юм хийгээд байгаа хүн л өвчинд өртөх нь элбэг байдаг юм. Тэгэхээр өдөр бүр идэж, ууж, бодож, хийж байгаа зүйлдээ анхааралтай сэрэмжтэй байж, явдал мөрөө зөв үү, буруу юу гэдгийг ялгаж салгаж ойлгоод, зөвийг нь сонгож дагаж мөрддөг байх хэрэгтэй. Өвчин эмгэгээс урьдчилан сэргийлж, өвдсөн тохиолдолд цаг алдалгүй, залхуурч хойргошилгүй эм, эмчилгээгээ заавар, зөвлөмжийн дагуу хийлгэдэг байгаарай.
-Ярилцсанд баярлалаа.