-Монголчууд лус савдаг гэж ярьдаг боловч энэ талаар тодорхой ойлголттой хүн ховор байх шиг. Тиймээс лус гэж ямар төрөл болох талаар эхлээд ярихгүй юу?
-Монголчууд төдийгүй дэлхийн хүн төрөлхтөн лус савдгийн талаар ойлголттой байдаг юм билээ. Олон улсад явж, олон хүнтэй уулзаж байхад тэдний өөрсдийнх нь түүх, соёл уламжлалд нь лусын тухай ойлголт их байдаг. Монголчуудын хувьд лус савдгийн тухай ерөнхий ойлголт байдаг боловч энэ талаар тодорхой мэдэхгүй байх шиг байна. Лус нь найман аймгийн бүрэлдэхүүнд багтдаг. Лус нь адгуусны төрөлд хамаардаг, хүнээс доод язгууртай гэсэн үг. Лус нь дотроо олон төрөл байна. Тухайлбал, газрын дээрх, агаар мандал дахь, газрын доорх гээд байршлаараа хуваагдана. Мөн хаан, ноён, харц, бярман, зандалчны язгуурт лусууд гээд язгуур угсаагаар бас өөр. Лусын хаад, ноён язгууртай Дүнжон, Лүмангармо тэргүүтэй лусууд амьтдад тусалдаг.
Харин харц, бярман, зандалчны язгуур, Нагбо Зинба Лагмэд зэргийн язгуурын лусууд хорлол үүсгэдэг. Лусын бүхэл бүтэн том ертөнц байгаа талаар Бурхан болон дээдсүүдийн айлдсан олон судар номд бичсэн. Бурхан багшийг номоо айлдаж байхад лусууд ирж дээдийн ном сонсч байсан тухай түүхэн судруудад тэмдэглэгдсэн байна. Монголчууд урьд лусын талаар тодорхой ойлголттой, мэдлэгтэй байжээ. Харин бурханы шашныг үзэл бодлоороо нухчин дарж хэлмэгдүүлсэн тэр цагаас хойш лусын тухай ойлголт бүдгэрсэн байна. Ном сударт “Бурхан гончигсүмд ашдын аврал, даатгал хийдэгтэй адил лусыг ашдын авралд биширч шүтэж болохгүй” хэмээн айлдсан. Учир нь лус доод төрөлхүйтэн буюу адгуусны төрөлтөн юм.
-Лусын тус хорлол хүнд яаж нөлөөлдөг вэ?
-Лусыг харалган гэдэг. Тэр утгаараа уул, ус, байгаль орчныг сүйтгэж, бохирдуулж, зүй бусаар харьсан тохиолдолд ихэд хилэгнэж хорлодог. Лусын ад хорлож арьсны өвчин тэргүүтэй маш олон төрлийн өвчин үүсгэх нөхцлийг буй болгодог. Лусын хорлол хүний аминд шууд хүрэх тохиолдол ч бий.
Хүний мах, цусанд нөлөөлдөг их догшин лус байна. Хүнийг хорлочихоод цусны бүтцэд нь өөрчлөлт ороод эхлэхээр түүнийгээ идэж амьдрах дуртай. Хүний эрүүл махны бүтцийг өөрчилчихөөд тэнд нь шарх сорви үүсгэж, түүнийг нь идэж амьдардаг лусын хорлол, ад байдаг. Лусыг Бурхан шиг авралд барих бус харин лусад хэрэгтэй тусгай балин тахил, уншлага номыг нь уншаад, эв түнжинтэй байж, лусын хорлол, барцад саад, өвчин зовлонгоос урьдчилан сэргийлж, өөрсдийгөө хамгаалж байх нь тустай. Бид лусыг үгүйсгэлээ гээд үр дүнд хүрэхгүй. Муу үр дагаврыг л амсана. Ямар нэгэн хавдар, архаг хүнд өвчнийг үүсгэгч нөхцлийг бүрдүүлэгч лусын адын талаар мэдлэг дутмаг байна.
-Хүмүүс лус савдагтай яаж буруу харьцдаг вэ?
-Хамгийн наад зах нь хог их хаяж байна. Бид хэдий чинээ хог, буртаг бузар үнэр гаргана төдий чинээ лусыг догшруулан хорлогдоно. Бид эрүүл байхыг боддог мөртлөө яагаад өөрсдөө хог хаяад лусыг уурлуулж, өвчин зовлонд нэрвэгдээд байгаагаа анхаарах хэрэгтэй байна. Зөвхөн нус, цэрээр хооллодог гэг тотгор, ад, лус бий. Хаясан шүлс, нус, цэрэнд байгаа хувь хүний ДНК мэдээллээр дамжин тэр хүнийг хорлодог. Дээр үед энэ талаар мэдлэгтэй байсан учраас хүмүүс цэр гаргалаа гэхэд цаасанд, даавуунд авдаг, эсвэл заавал булж, нуудаг байсан.
Өнөөдөр тэр соёл үгүй болсон. “Яадаг юм” гээд тоохгүй яваад байна. Тоохгүй яваад байвал хорлуулна л гэсэн үг. Бас догшин газрын хад чулуу, уул, усыг нь хөндөх аюултай. Байгалийн ургамлыг ид сайхан цэцэглэж байх үед нь лусууд түүнд тачааж оршдог. Гэтэл тэр үед нь тасдаж утсгачихаар маш их догширч, хорлолоо илгээдэг. Лусын хорлолд өртсөн хүн өвдөж зовон, амь нас, эрүүл мэнд, ажил амьдралаараа хохироод явдаг. Лус байдгийг үгүйсгэчихсэн хүмүүс лусад хорлогдчихлоо гэж санах ч үгүй. Мөн ус бохирдуулах, гол горхины голдрилыг өөрчлөхөд хүртэл лус дургүй. Эмэгтэйчүүд сарын тэмдэг ирсэн үедээ аливаа байгалийн усанд орвол түүнээс шалтгаалсан маш аюултай архаг өвчин, хавдар үүсч, үхэж үрэгдэхийг мэдэх хэрэгтэй.
Түүнээс өөрөө ч болгоомжилж, үр хүүхэддээ хэлж үлдээх нь тустай. Шуналаасаа болж алт, эрдэнэсийг ухаж, байгалийн унаган төрхийг нь өөрчилж лусыг догшруулдаг болжээ. Ер нь алт эрдэнэс, байгалийн баялгийг хувиараа буюу хэдхэн хүн идэж ашиглана гэдэг онцгүй л зүйл юм. Алт эрдэнэс чинь нийт хүмүүсийн буян, амны хишигт бий болдог эд агуурс. Лус савдгийг догшруулаад байвал эргээд бид ган гачиг, зуд, бороо ус, мөндөр гээд байгалийн аюулт үзэгдэл, үхэл хагацал зэрэг гай гамшгуудыг эдлэнэ.
-Лусын гаралтай бүлэг өвчин уламжлалт анагаах ухаанд бий гэсэн шүү дээ. Эдгээр өвчний шинж тэмдэг яаж илэрдэг вэ. Ямар нэгэн онцгой шинж байх уу?
-Уламжлалтын эмч нар өвдсөн хүмүүсийн шээс, судас, хэл оношилгоогоор шинжилдэг нарийн онол шүнтэй. Тэр дагуу шинжлэхэд шээсэнд нь лусын хорлолын шинж тэмдэг гардаг. Шээсэн дээр хорлосон лусын хэлбэр дүрс нь хүртэл гардаг. Лусын хорлолын цөөн хувь нь гэнэт үүсдэг, маш архаг явцтай, хүчтэй өвдөлт өгдөг. Амь насанд нь хүрдэг өвчнүүд ч бий. Эсвэл маш олон төрлийн өвчнийг архагшуулдаг.
Уламжлалт анагаах ухаанд лусын адын өвчин гэж бүлэг өвчнүүдийг авч үзсэн байдаг. Энэ бүлэгт лусын адаар хорлогддог 18 төрөл зүйлийн өвчнүүд багтдаг. Арьсны хулгана яр, гөвдрүү, шарх, арьс цайрах, псироз гэх мэт өвчнүүд, цул, сав эрхтэн, арьс мах, яс, харшил, хавдар, шамбрам хүртэл лустай холбоотой юм билээ. Элэг, бөөр, уушги, зүрхний зарим өвчнүүд цаанаа лустай холбогдсон бол сайн эм тариа хийсэн ч архагшиж, эдгэрэлт муутай байсаар аминд хүрдэг аюултай. Лус нян, бактер, вирусыг тараадаг. Лус онилсон хүнээ алдахгүйн тухайд тэр хүнийхээ биед хорлолоо үүсгэнэ. Тэр даруйд гүрэм хийвэл амархан зайлна. Харин бие, сэтгэлд нь нөлөөлөөд ус сүү хоёр нийлсэн адил болж архагшвал нэг удаагийн гүрэм заслаар арилахгүйд хүрнэ. Олон удаагийн хүчтэй гүрэм хийж байж хорлолыг гаргах тохиолдол ч байна. Хүний эрхтэн тус бүрийг хамаарч хорлодог лусууд байна.
Лусаас шалтгаалсан өвчин эмгэгийг эмчилсэн, тусалсан хүмүүсийг лус мөн хорлодог. Тиймээс ч олон жил нэг эрхтэн системийг эмчилсэн эмч тэр өвчнөөрөө өвдөж, зовох магадлал өндөртэй байдаг. Яагаад гэвэл ад тотгор, хорлогчууд өвчлүүлсэн эрхтэнийг нь эдгээгээд байгаа эмч рүү онилдог. Аливаа ад, гэг тотгор, гараг од зэрэг олон муу хорлогч хүчин зүйлээс шалтгаалсан өвчин эмгэг, зовлонг эдгээж эмчилсэн эмч, гүрэм засал хийж тусалсан лам нарыг уг ад хорлогч хорлодог учраас өөрийгөө хамгаалах чадвартай байж хүний өвчин зовлонг эмчилж эдгээнэ. Тэр утгаараа эмч нар өөрсдийгөө гадны хорлолоос хамгаалах чадалтай байх ёстой. Егүзэрүүд болон бодь сэтгэлтэн гэг тотгор, ад, лусын хорлолд хорлогдохгүй ээ.
Эх сурвалж: manbadatsan.mn