Америкийн хөлбөмбөгийн лигийн хамгийн өндөр цалинтай тоглогчдыг нэрлэжээ. Цагтаа “Милан”-д гялалзаж явсан ч “Реал”-д бөхөх дөхсөн Бразилын алдарт хөлбөмбөгч Кака энэ жагсаалтыг тэргүүлжээ. Тэгвэл түүний араас Жовинко бичигдсэн байна.
Харин Английн шигшээн нэгэн цаг үеийн одууд болох Стевен Жерард, Фрэнк Лампард нар жагсаалтын 4, 5 дугаар байрт бичигдсэн байна. Ингээд алдарт хөлбөмбөгч Какагийн хөлбөмбөгтэй амьдралаа холбосон түүхээс сөхье.
Бразилд хөлбөмбөгийг спорт гэхээсээ илүү үндэсний уламжлал, соёлын хэмжээнд авч үздэг. Пелегийн зодог тайлах ёслол дээрээ хэлсэн үг Бразилчуудад нүдийг нь нээж өгсөн гэдэг. ”Та нар яагаад гуниглаад байгаа юм бэ. Бразилд надаас илүү авьяаслаг хэдэн мянган хүүхэд байгаа шүү дээ. Итгэхгүй бол далайн эрэгт очоод үзээрэй” гэжээ. Үнэхээр ч энэ нутгийн хүүхэд бүр хөлбөмбөгөөр ”өвчилж” ирээдүйн супер од болохыг мөрөөддөг байв. Кака ч ийм л зүйлийг мөрөөдөж өссөн. Тэрээр долоон настайдаа алдарт Ревилиногийн нэрэмжит ”Алфевилье” академд оржээ. Үүнээс жил орчмын дараа Сан Паулу клуб, бяцхан авьяастныг анзаарч өөрийнхөө академд суралцахыг урьсан байна.
Энэ цагаас хойш домогт Артур Фредринайхаас эхлүүлээд Фалкао, Беллини, Гурсон, Кафу, Леонардо зэрэг оддыг төрөн гаргасан энэ алдарт клубт суралцана гэдэг хэнд ч нэр төрийн хэрэг байх нь ойлгомжтой. Тиймээс ч Какагийн эцэг эх энэ саналыг уриалгахан зөвшөөрчээ.
1997 онд Кака 15 нас хүрч мэргэжлийн гэрээ байгуулснаар залуучуудын багт тоглож эхэлсэн юм. Авьяас чадвараараа үеийнхэн дундаа илт ялгарах түүний хувьд ганц бэрхшээл нь биеийн хөгжил байлаа. Сан Паулугийн академийн эмч энэ тухай ”Кака бусад хүүхдүүдээс харьцангүй сул биетэй байсан болохоор амархан ядардаг байсан. Арван долоон нас хүрэхдээ бараг 1.80 см болтлоо өссөн ч туранхай хэвээр байсан учир бид нилээд хэдэн сар системтэй бэлтгэл хийлгэж ажилласны хүчинд хэвийн хэмжээнд оруулж чадсан’’ хэмээн дурджээ.
Гоолын дараах залбирал
Алдарт хөлбөмбөгчин гоол оруулсныхоо дараа гараа өргөн тэнгэр лүү зааж байхыг бид олонтоо харсан. Мөн "I belong to Jesus" буюу "Би Есүст харьяалагддаг" гэсэн бичигтэй цамц үргэлж өмсдөгийг нь ч мэднэ. Харин яагаад түүнийг ийм их шүтлэгтэй болсон талаар нь тийм ч олон хүн мэдэхгүй болов уу. Түүний ертөнцийг үзэх үзлийг өөрчилж, чин сүсэгтэй болоход нөлөөлсөн тэр явдал 2000 оны зун болжээ. Тухайн үед 18 настай байсан Кака гэр бүлийнхэнтэйгээ аялж байлаа. Зочид буудлын усан сангийн хамгийн дээд тавцангаас үсрэх гэж байхдаа тэрээр хөл алдаж доош унасан байна. Арав гаран метр өндрөөс хатуу хашлаган дээр унаж нуруугаа хүнд бэртээсэн Какаг эмнэлэгт тэр дор нь хүргэсэн ч эдгэх найдлага тун бага эдгэрсэн ч гэсэн хөлбөмбөг цаашид тоглох боломжгүй гэсэн оношыг эмч нар тавьж байв. Гэтэл чухам гайхамшиг гэгч нь болж хэдэн сар шаналсан хүү бүрмөсөн эдгэж чадсанаар барахгүй ногоон талбайд дахин гарах боломжтой болсон гэдэг.
Тэрээр энэ талаараа хэлэхдээ ”Ямар ч найдлагагүй гэж байсан тэр үед ч би итгэлээ алдаагүй. Өдөр болгон залбирч намайг эдгээж өгөхийг гуйдаг байлаа. Бурхан намайг сонсож, авралын гараа сунгасан учраас би насан туршдаа түүний боол байх болно гэж өөртөө амласан юм” хэмээжээ.
Ийнхүү гайхамшгийн хүчээр хөл дээрээ боссон тэрээр католик шашны сүмд байнга хандив өргөж, ядуу хүмүүст тусламжын гараа сунгасаар ирсэн. Мөн НҮБ-ын Өлсгөлөнгийн эсрэг хөтөлбөрийн элчин сайдаар 2004 онд томилогдсон бөгөөд зодог тайлсныхаа дараа ч энэ ажлаа үргэлжлүүнэ хэмээн мэдэгдэж байжээ.
Шагналын хур
Өдгөө 34 настай Р.Кака дэлхийн бүх шагналыг авсан гэхэд болно. Түүнд ганцхан шагнал дутуу байгаа нь дэлхийн аваргын “Шилдэг тоглогч”-оор шалгарч үзээгүй билээ.
2002 онд Бразил “Мунидал”-д түрүүлэхэд сэлгээнд сууж байсан Кака 2007 оны “Аваргуудын лиг”-ийн аварга, 2011-2012 оны улирлын “Ла лиг”-ийн аварга, 2002-2003 оны улирлын “Сери А”-гийн аварга, 2007 оны “УЕФА”-гийн супер цомын аварга, 2005, 2009 оны тив хоорондын цомын аварга болж байсан шилдэг хөлбөмбөгчин.