Чойжин ламын сүм музей. Нийслэлийн төв цэг, “зүрхэн” тушаа байрлах уг музей олон зүйлээр онцлог, анхдагч. Байгуулсан, хадгалж, хамгаалж ирсэн түүх нь ч домог мэт. Монголын оюуны соёлын их өвийн халдашгүй арвин сан хөмрөг чухамхүү энд бий билээ. Бурхны шашинтнуудын дээдлэн тахьдаг их хүмүүн Өндөр гэгээн Занабазарын мутрын хийцийн бараг бүхий л бүтээл энд байдаг. Ногоон Дарь эхээс авахуулаад босоо, суугаа Майдар бурханы эх хувийг харж, сүсэлж болно. Босоо Майдарыг Дашчойлин хийдийн лам хуваргууд мэлмий гийлгэн залсан тухайгаа саяхан сүсэгтэн олноо дуулгаж, ёслол үйлдсэн. Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт босоо Майдар бурхны эх хувиас томруулсан хэмжээгээр хувилсан төрхийг хөх тэнгэрийн доор залахаар, сүсэгтэн олны хуран чуулдаг орчин болгохоор зорьж буй хүмүүс ч бий. Хашаанд нь хөл тавихын төдийд сэтгэл нялхарч, энэрэн нигүүлсэх хүсэл бадрах нь энэхүү сүм музейн орчин ер бусын, сайны ерөөлтэй, эрчим, энергитэйнх болов уу. Үүх түүхийг нь сонирхлоо.
Бидний учрыг нь үл мэдэх атлаа нэг их сүрхийгээр Чойжин лам хэмээдэг тэр хүн хэн байв. Яагаад лам болов. Зүгээр ч нэг лам бус, түүнийг юуны учир монгол төрийн чойжин хэмээв.
Түүний нэр Лувсанхайдав бөгөөд 1872-1918 онд амьдарчээ. Тэрбээр Монгол Улсын сүүлчийн эзэн хаан Халхын буюу Монголын Бурхны шашны тэргүүн VIII Жибзундамба хутагт Агваанлувсанчойжинямданзанванчигбалсамбуу (1896-1924)-гийн төрсөн дүү юм.
Лувсанхайдав 1872 онд Түвдийн Шолао хэмээх газарт түшмэл Гончигцэрэнгийнд мэндэлсэн аж. Хоёр настайдаа намар нь Халхын Бурхны шашны тэргүүн VIII Жибзундамба хутагтын хувилгаанаар тодорсон ахыгаа дагалдан гэр бүлийнхний хамт Монгол оронд ирсэн байна. Монгол ахуй, соёл дунд өссөн түүнийг хэн хүнгүй монгол л гэдэг байжээ. Тэр бүү хэл ах, дүү хоёрыг тус бүрт нь Монголын алтан ургийн их хүмүүн гэж тэмдэглэсэн ч байх аж.
VIII Жибзундамба хутагтын багш, Хүрээний хамба, номун хан Балданчоймбил гэгч Лувсанхайдав хүүд чойжин буюу номыг тэтгэгч догшин сахиус оршиж байна гэж үзэн, ахтай нь зөвлөлдсөнөөр догшин сахиус оршоон буулгах эрдэмд сургахаар болжээ. Иймийн учир Сэтэв хэмээх, хүчтэй сахиусны өмнөөс буудаг гүртэнбэ ламыг Төвдөөс урин ирүүлэв. Түүгээр нэлээд хэдэн жил ном заалгасны дүнд Лувсанхайдав эрдэм чадалтай, хүн бусын хүчний зүгээс учруулах элдэв саадыг номхотгогч хүчтэй чойжин болжээ.
Тэрбээр шашны ном эрдэмд боловсорч догшин сахиусыг оршоон буулгах болсон тул 1899-1901 оны үед Зүүн Хүрээнд сахиусны хурлын их, бага хоёр сүм, лаврин орд, хашаа байшин, жас зэрэг цогцолборыг барьж Жибзундамба хутагтын шавь нараас 50 лам суулгажээ. Энэхүү сүмийн нэрийг архивын баримтад “Занхан” хэмээн тэмдэглэсэн байх аж. “Занхан сүм болбоос Чойжин сахиусны тухай бурхан шүтээн ба хамаг хэрэглэх зүйлийг залж агуулах, тэр тухайн олон зүйлийн хурал номыг хурж байх үүрдийн сүм болох бөгөөд миний олон үед байгуулсан олон дацан аймгуудаас ер өчүүхэн төдий ялгаварлах газаргүй... ” хэмээн тус сүмийн онцлогийг VIII Жибзундамба хутагт Бадаргуулт төрийн 28 дугаар оны (1902) 4 дүгээр сарын шинийн 4-нд буулгасан лүндэндээ дурджээ. Ийнхүү өнөөгийн Чойжин ламын хэмээдэг сүмийг анхлан байгуулсан ч, 1903 онд уг сүм учир битүүлэг шалтгаанаар шатаж Чойжин лам, эх дагина Сүрэнхорлоо нар өмссөн хувцастайгаа зогсож байжээ. Лам Лувсанхайдав сахиус буулгах, сүмийн хурал номыг тасралтгүй үргэлжүүлэх шаардлага байсан тул тухайн үеийн тэргүүн зэргийн газар шинжээч лам нарын зааснаар өнөөгийн музей буй газар сүмийг сэргээн байгуулжээ. Энэ нь Хүрээний хамгийн их мөстлөгтэй догшин газар учир сахиус оршоох тусгай зан үйлд тохиромжтой хэмээн үзсэнээр сүм, орд өргөөг дахин байгуулах ажлыг 1904 оноос эхлүүлсэн байна. Уран барималч Омбо тэргүүтэй 300 гаруй монгол урчууд барьсан бөгөөд тухайн үед Хүрээнд байсан гарын уртай хятад хүмүүсийг ч дайчилсан байна. Уг сүмд нэр өгөх хэрэгтэй болжээ. Лувсанхайдав чойжин Хүрээнд хэрэг шийтгэн сууж байсан манж, монгол сайдуудад 55 өрөө тасалгаа бүхий сүм барьж байгуулснаа дуулган, тэр нөхдөөр уламжлуулан Манжийн хаанаас сүмд нэр хайрлахыг хүсэхэд Бадаргуулт төрийн буюу манж хаан Өршөөлийг хөгжүүлэгч сүм хэмээх нэр шагнажээ. Гэсэн ч энэ сүм ард олны дунд Чойжин ламын гэдгээр алдаршсан байна.
Чойжин ламын сүм яагаад монгол төрийн сахиусын өргөө вэ. Чойжин лам бол Зэмэр, Найчин хэмээх чойжин, Дорж шүгдэн гэсэн гурван сахиусын өмнөөс бууж, айлдвар айлддаг байсан байна. Өөрөөр хэлбэл эдгээр сахиусыг биедээ оршоож, чойжин буудаг байжээ. Чойжин ламын сүм дэх “Занхан” сүмд чойжин буудаг байсан тавцан нь байдаг, сахиусууд нь ч залаастай байдаг юм байна. Ламтан тэдгээр сахиусаас биедээ урин дуудан, солхоо уншиж, чойжин буулгаад айлддаг байжээ. Чойжин лам Лувсанхайдав төрийн их сахиусыг буулгах үеийн айлдвар хэмээх хоёр зарлиг байх бөгөөд эдгээрийн талаар тайлбарлах гэвээс цаг хугацаа, сонины зай талбай нэлээд шаардах ажгуу. Юутай ч нэг дэх айлдварт VIII Жибзундамба хутагт болон улсын их хатан Дондогдулам нар Халх нутагт буюу Монголд сайн цагийг авчрахаар ирэгсэд гэсэн утга оршиж байдаг ажээ.
Бурхны шашны талаас ч, ерөөс хүн, нийгэм, түүхийн талаас олон асуултад хариу өгөх эрдэм ухаан бүхнийг Чойжин ламын сүм музейтэй дэлгэрэнгүй танилцаж, эднийхээс гаргасан ном, товхимлыг уншиж, ухаан зарж байж ойлгох ажаамуу. Чухам иймийн учир Монгол төрийн удирдагч Х.Чойбалсангийн гэргий Бортолгой гуай хэлмэгдүүлэлтийн үед сүм хийдүүдийг устгаж байх үед ханиасаа “Чойжин ламын сүмийг л үлдээгээрэй” гэж хичээнгүйлэн гуйж байж дээ. Бортолгой гуай энэ сүмийг шүтдэг, бурхан шүтээнүүдээ хадгалдаг, “Ядам” сүмд нь нууц тарнийн бясалгалаа хийдэг байжээ.
Мөн Ардын хувьсгалын анхны долоо төр улсынхаа тусгаар тогтнолын төлөө амь биеэ хайрлалгүй зүтгэнэ гэсэн цусан тангаргаа уг сүм дэх улаан Жамсран сахиусын өмнө өргөсөн түүхтэй юм байна. Тухайн үеийн төр, нийгмийн зүтгэлтнүүд шашныг үгүйсгэж байсан ч, хувь хүнийхээ хувьд шүтэж байсан сахиустай, түүндээ үнэнч байсны гэрч энэ ч биз ээ.
Чойжин ламын сүмийг барьж байгуулахад Лувсанхайдав ламтны гэргий эх дагина Сүрэнхорлоо ихээхэн хөрөнгө оруулсан бөгөөд ард олны өглөг, барьц ч нэмэр болсон ажээ.
Р.Оюунжаргал
Ред: Чойжин ламын энэ сүмийг 1904-08 онд Богдын ордны уран барилгач Омбого гэж хүний зураг төсөл, удирдлага дор 88779 лан1812 кг цэвэр мөнгө зарцуулан барьсан гэдэг. 1936 онд хурал зогсож 1938 онд хаагдаж нэлээд хэсэг нь сүйдэж 1940 онд Шинжлэх ухааны хүрээлэнгийн мэдэлд шилжин 1941 онд улсын 1-р зэргийн хамгаалалтад орж 1942 онд Шашны түүхийн музей болжээ.
Одоо Гол сүм, Занхан сүм, Ядамын сүм, Өндөр гэгээний сүм, Махранзын сүм, гэр тугдам, ямпай буюу халхавч хаалга, хэрмэн хашаа, хаалга та бүхний харж байгаа байдлаар байна. Уран сийлбэрч Балганы модон сийлбэрүүд, уран Пунцаг-Очир нарын цамын багууд, 7,8-р Богдын багш Балданчоймбол ламын занданшуулсан шарил, Чойжин лам Лувсанхайдавын шуумал дүр, Ганжуур Данжуур болон Монгол урчуудын бүтээсэн олон тооны уран зураг, баримал, хатгамал, зээгт наамал, ханын зургууд энд байдаг.
Лувсанхайдав Занхан сүмдээ чойжин буудаг байж. Мөн нууц шүтээнүүд нь бий. 1960-1961 онд сүмийн эх загварыг, 1972 онд өнгө будгийн засварыг, зуугийн сүмийн дээврийн засварыг 1995 онд хийсэн ба түүнээс хойш өдгөөг хүртэл бага сага засварууд хийсэн байна.