Халтархүүгийн Эрдэнэчимэг нь Раднаабазарын нэрэмжит циркийн сургуулийг 1984 онд төгсөж улмаар 1991 оноос Америкийн “Ringling Bros. and Barnum & Bailey” циркт жүжигчнээр ажиллах болжээ. Өдгөө тэрээр АНУ-дахь тэргүүлэх зэргийн циркийн сургууль болох “Circus Juventas”-д ахлах багшаар ажиллаж байгаа бөгөөд 2002 онд “Circus Manduhai-г”, 2010 онд “Mission Manduhai”-г тус, тус үүсгэн байгуулсан байна.
-Юун түрүүнд та циркийнхээ үйл ажиллагааг болон “Mission Manduhai”-г танилцуулахгүй юу?
-Дан монголчуудаас бүрдсэн цирк маань олон улсад эх орныхоо соёл, уламжлалыг сурталчлах зорилгоор анх байгуулагдсан. Бид жил бүр олон улсын фестивалиудад оролцож, монгол гэрээ барин, үндэсний хувцсаа танилцуулан, монгол циркийн онцлогийг харуулсан тоглолтуудыг хийдэг. Америкт ихэвчлэн биднийг байгууллага, спортын арга хэмжээ, парк, сургуулийн нээлт гэх мэт ажлуудад түлхүү урин оролцуулдаг. Харин “Mission Manduhai” гэр бүлийн хүчирхийллийн эсрэг ашгийн бус байгууллагаа би 2010 онд байгуулсан.
Циркийн сургууль маань зундаа нэг сар орчим амардаг бөгөөд энэ хугацаанд бид Америк Монгол хамтарсан нийт 20 орчим жүжигчдийн бүрэлдэхүүнтэйгээр Монголын хөдөө орон нутгаар үнэгүй тоглолт хийдэг. Аймаг сумуудаар урьд нь хэзээ ч цирк үзэж байгаагүй хүмүүс олон байдаг ба мэдээлэл дутмаг алслагдсан сууринуудыг сонгодог нь тодорхой шалтгаантай. Учир нь бид зөвхөн соёл урлагийн талаасаа тоглолт хийгээд зогсохгүй циркээр дамжуулж хүчирхийллийн эсрэг ажлууд хийдэг юм. Биднийг хөдөө орон нутгуудаар явж байхад цирк ирлээ гэх сургаар олон хүн цугладаг л даа. Харин цаг гучин минутын бүрэн хэмжээний тоглолтын үеэр хүмүүст бид “Гэр бүлээ хайрлая, хүүхдүүдээ хайраар өгсье” гэх мэт үгстэй лоозон, үзүүлэх самбаруудыг дэлгэдэг. Товч, тодорхой хүчтэй санааг үзүүлбэрүүддээ шингээж өгч, тоглолтын дараа харин мэдээллийн хуудсууд тараадаг юм. Үүнд хэрвээ чи хүчирхийлэлд өртөж байгаа бол яах ёстой вэ, эргэн тойронд чинь хүчирхийлэл байгаа бол хэнд хандах ёстой вэ гэх мэт бүх л мэдээлэл багтсан байдаг. Үүнээс гадна манай байгууллага Монгол дахь “Хүчирхийллийн Эсрэг Үндэсний Төв”-тэй хамтарч ажилладаг ба зөвлөгөө өгөх утасны шугамыг 24 цагийн туршид ажиллуулах санхүүгийн дэмжлэг үзүүлж байна.
-Таны хувьд яагаад нийгэмд тулгамдаж буй олон асуудлаас гэр бүлийн хүчирхийллийг сонгон хүмүүнлэгийн ажлууд хийх болсон бэ?
-Миний хувьд өөрөө хүчирхийлэлд өртөж явсан учраас энэ асуудлын тухайд маш эмзэг ханддаг. Хэдийгээр амьдрал сайхан, сайн хань нөхөртэй болсон ч Монголд өчнөөн хүн над шиг хэцүү замыг туулж байгаадаа гэсэн бодол маань өнгөрсөн арван хэдэн жил миний сэтгэлээс ер гарч өгдөггүй, их хөндүүр байдаг байсан юм. Тэгээд заавал энэ асуудлыг хөндсөн нийгэмд тустай ямар нэг зүйл хийнэ гэж боддог байсан ч боломжтой болохоороо л болъё гэж алгуурладаг байв. Гэхдээ нэг л өдөр хэзээ ч би мөнгө төгрөгтэй болж хүссэн ажлаа хийх юм, өөрийнхөө чадах зүйлээр л эхлээд үзэх ёстой юм байна гэж шийдсэн. Тэгээд би циркийн жүжигчин мэргэжилтэй, тэгэхээр ганц чаддаг зүйлээ л ашиглах ёстой юм байна гээд анх хүчирхийллийн эсрэг төв рүү холбогдож энэ ажил маань эхэлсэн түүхтэй. Тухайн үед нөхөр маань намайг маш сайхан дэмжсэн бөгөөд 2010 онд анхны төслөө эхлүүлсэн. Тэгээд циркийн сургуулийнхаа захиралтай уулзаж энэ хөтөлбөрөө танилцуулан, шилдэг номеруудаараа “Circus Juventas”-д цаг гучин минутын тоглолт хийсэн л дээ. Циркийн сургуулийн оюутнууд маань болон монгол бүжигчид гээд олон хүнийг хамарсан энэ тоглолтынхоо тасалбарыг хорин доллараар худалдаалж энэ орлого маань юунд зарцуулагдах болохыг танилцуулахад хүмүүс маш их дэмжиж байсан нь надад их урам болсон. Түүгээр ч барахгүй хүмүүс Монгол явах зардалд маань нэмэрлэж хандив өргөж байсан бөгөөд 7000 орчим долларын сан босгож түүгээрээ эхний жилийнхээ санхүүгийн асуудлыг шийдсэн юм. Энэ үед л яагаад би энэ бүхнийг эртхэн хийсэнгүй вэ гэж бодогдож байлаа. Одоо бол нөхөр бид хоёр сар бүрийн цалингаасаа тодорхой хувийг ирэх зуныхаа төсөлд зарцуулна гээд хадгалдаг болсон.
-Энэ төсөл тань хэрэгжээд багагүй хугацаа өнгөрчээ. Мэдээж хэрэг ил, далд үр дүн бишгүй бий байх?
-Тэгэлгүй яах вэ. Хүчирхийлэл гэдэг зүйл харанхуйд хаалганы цаана л болж байдаг. Тиймээс яаралтай тусламжийн утас 24 цагийн туршид ажиллаж байх нь чухал ач холбогдолтой . Урьд нь санхүүгийн асуудлаас болоод ХЭҮТ-ийн яаралтай тусламжийн утасны шугам тодорхой хуваариар ажилладаг байсан юм билээ. Харин бид энэ утсыг байнга ажиллуулдаг болсны дараа бидний тоглолт хийж байсан сумуудаас тусламж хүсэж дуудлага ирсэн гэж дуулсан. Мөн бид 2011 онд зөвхөн циркийн жүжигчдээс гадна сэтгэл зүйч, эмэгтэйчүүдийн эмч нартай хамт хөдөөгүүр явсан. Энэ үеэр бид 13 настай охиныг хойд аав, түүний хоёр ах нь хүчирхийлдэг байсныг олж тогтоосон ба яаралтай арга хэмжээ авхуулж чадсан л даа. Тийм ч учраас үүнээс хойш би аль болох олон мэргэжлийн хүмүүсийг багтаа оруулах ёстой юм байна гэж бодоод байгаа. Бүр ядаж шүдний эмч хүртэл л хэрэгтэй байдаг юм билээ.
АМЕРИК ДАХЬ "МАНДУХАЙ" ЦИРК /Mission Manduhai & Circus Manduhai/
-Америк шавь нараа Монгол руу авч явдаг гэсэн. Шавь нарын тань сэтгэгдэл ямар байдаг вэ?
-Эндээс авч явсан Америк шавь нарын маань сэтгэгдэл маш өндөр байдаг. Эцэг эхчүүд бүр надаас манай хүүхдийг аваад яваач гэж гуйдаг болсон. Яагаад гэвэл хүүхдүүдийн хувьд хүмүүнлэгийн ажилд оролцох нь их сургуульд ороход нь маш том түлхэц болдог давуу талтайн дээр тэтгэлэгт хамрагдах ч боломжтой болдог. Миний хувьд энэ төсөл маань олон хүмүүст тустай байгааг хараад үнэхээр их баяртай байдаг. Дээрээс нь Монгол яваад ирсэн шавь нар маань их юм ойлгоод ирдэг. Дэлхийн нөгөө буланд хүмүүс яаж амьдарч байна хүмүүс аз жаргалыг хэрхэн үнэлж байна гээд их зүйл эргэцүүлээд ирдэг.
-Нөхөр тань таны ажлыг их дэмждэг гэсэн. Гэр бүлийн тань хүний дэмжлэг мэдээж танд их урам болдог байх?
-Миний хийж байгаа бүх л хүмүүнлэгийн үйлснүүд хажууд байгаа хүний маань хүчээр л биежиж бодит болсон. Ганцаараа хүн зүтгээд юуг ч барахгүй. Дэргэдэх хүн маань намайг дэмжиж, намайг хайрлаж байж л урагшилна. Тиймээс үлдсэн амьдралынхаа туршид чадлынхаа хэрээр Монголынхоо бүх суурин, сумдад очиж, хаана мэдээлэл дутмаг байна, хэнд тусламж хэрэгтэй байна тэр бүхэнд хүрэх хүсэл маань хэзээ ч унтрахгүй бадарсаар л байгаа. Намайг зоригжуулж ажилд маань чин сэтгэлээсээ ханддаг нөхөртөө би хамгийн их талархаж явдаг. Сайн хүн хажуугаас түшнэ гэдэг том зүйл шүү.
Хүн хэзээ амьдрал нь дуусахыг мэдэхгүй шүү дээ. Би заримдаа хоёулаа монгол гэр бариад суучихъя, том байшингийн хэрэг алга гэж нөхөртөө хэлдэг юм. Манай нөхөр гэрт амьдарна гэхээр арай зориглохгүй байгаа. Гэхдээ бид хоёр хэрэглээндээ таарсан жижигхэн байшинд амьдарч үлдсэн амьдралаа чадах чинээгээрээ хүнд тусалж өнгөрөөхийг л хүсэж явна. Маргааш юу болохыг таашгүй учир өнөөдөр ганц ч гэсэн хүнд буян хийх сэн гэж чармайж байна даа.
Ярилцсан Э.Бүжинлхам