БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллахаар болж, бүртгүүлсэн иргэд хэлний түвшин тогтоох шалгалтыг өчигдрөөс өгч эхэлсэн, өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байгаа аж. Хамгийн гайхалтай нь сүүлийн жилүүдэд БНСУ-ыг зорьж, хар ажил хийх давалгаа ихээхэн багассан байсан бол энэ удаад 10 мянга гаруй шалгуулагч түвшин тогтоох шалгалтад орохоор бүртгүүлсэн нь эх нутагтаа найдвартай ажлын байргүй, ухаангүй, урагшгүй улстөрчдөд Монголын залуучууд итгэхгүй болсны нотолгоо юм. Өнөөдрийн хувьд 3, 4 дүгээр ээлжийн иргэд шалгалтаа Үйлдвэр урлалын политехник коллеж, 96, 2, 44, 75, 12 дугаар сургуулиудад өгч байгаа юм билээ.
Гуравхан сая Монголчууд хүн шиг амьдрал эрж бэдэрсээр дэлхийгээр нэг тарж одох бололтой. Харин эздүүд нь тараад явчихсан Монгол нутагт Хятад, Турк, Солонгосчууд аль эрт эзэн суугаад эхэлчихсэн. Гэтэл ядаж л хэдэн жил аятайхан амьдарч, болж өгвөл байр машины мөнгө цуглуулчих санаатай хүний нутаг зорьсон Монголчууд энд тэнд буудуулж, хүчирхийлэлд өртөж, цонхоор унаж амь насаа алдаж байгаа нь яах аргагүй өнөөдөр Монголыг удирдаж байгаа урагшгүй, урвагч ноёдын балаг мөн.
Тухайлбал хэдхэн хоногийн өмнө АНУ-ын Иллиос мужийн Чикаго хотын дагуул хотод оршин суугч 35 настай Г.Зулцэцэг гэх бүсгүй сураггүй алга болсон талаар мэдээлж байсан. Харамсалтай нь өчигдөрхөн Г.Зулцэцэгийн цогцсыг машиных нь тээшнээс олсон талаар албан бус эх сурвалжууд мэдээлжээ. Бүсгүйн унаж явсан машиныг хуучин машин тавьдаг газраас олсон бөгөөд машины тээшинд цогцос байсныг мэдэлгүйгээр ачиж явсан гэнэ. Бүсгүйн цогцос танигдахын аргагүй болсон байсан бөгөөд гэмт хэргийн хохирогч болсон байх магадлалтай гэж таамаглаж байгаа талаар Чикаго хотод ажиллаж амьдарч буй монголчууд мэдээлсэн байна.
Эх орондоо элэг бүтэн, энхрий бяцхан үрийнхээ хажууд инээд баяслаар тормолзож суух ёстой нэгэн сайхан эх хүн харийн нутаг, гүний хошуунд цэл залуухан сайхан насандаа юуны учир орчлонгоос буцав аа. Яагаад өнөөдөр хорь дөнгөж гарсан цэл залуухан, үзэсгэлэн гоо Монгол охид ямар ч боловсролгүй, хөдөөний согтуу солонгосын эхнэр болон богтлогдож очоод цэцэг цэврүү шиг залуухан амь насаараа хохирч байна вэ. Яагаад өнөөдөр аав, ээждээ эрхлэн туниад гүйж явах ёстой 18 ч хүрээгүй туяхан охид Эрээн хотын өмхий үнэртсэн харанхуй буудалд ой гутмаар "өмхий" өвгөн хятадын дор тарчилж хэвтэнэ вэ. Энэ бүхэн чинь Монголын эмгэнэл биш гэж үү.
Бурхан, бүсгүй хүнийг бүтээхдээ хад мэт хатууг зөөлрүүл хэмээн ус мэт зөөлөн аашийг, харааг булаан сэтгэл баясгаж явсугай гэж цэцэгс мэт гоо үзэсгэлэнг, жаргал зовлонг тэнцүүл хэмээн нар мэт хайр халамжийг цогцлоожээ. Нээрээ бодох тусам л бүсгүй хүнгүй ертөнц гэдэг харгис хатуугийн харгалдаан, хайр өршөөлгүй цэвдэг сэтгэл, харанхуй шөнө мэт хүйтэн, зэврүүн ажээ. Энэ ертөнцийн бүх л бүсгүйчүүд хөөрхөн. Учир нь тэд бүгдээрээ хэн нэгэнд таалагдаж, дурлуулж, эхнэр нь, дараа нь ээж болцгоодог. Эр хүний зүрхийг уярааж, өөрийнх нь төлөө бүхнийг чин сэтгэлээсээ хийх хүсэл тэмүүллийг бүсгүй хүнээс өөр хэн өгч чадах билээ дээ. Дурласан бүсгүйдээ өгөх цэцгийн баглаагаа түүнтэй адил гоё сайхныг сонгох, өгөх бэлгээ түүндээ тааруулж, таацуулахыг хичээх сэтгэлийг тэд л төрүүлж чаддаг. Хайртай бүсгүйгээ баярлуулахын тулд ямар ч саад бэрхшээлээс үл шантрах эрч хүчийг бүсгүйчүүд л эр хүнд өгдөг. Хайрлан дурлаж, амталсан аз жаргалаасаа хацар нь туяарах бүсгүй хүний гоо үзэсгэлэнгээс илүү сайхан нь бий гэж үү. Энэ ертөнцийн бүх л бүсгүйчүүл гайхамшигтай нууцлаг хэрнээ, гайхамшигтай энхрий ертөнц билээ. Үхэл амьдралын зааг дээр өөрийн биеэ хэсэглэн байж өвдөх, уйлахын гаслант мөчийг шүд зуун тэвчиж үрээ төрүүлдэг нь бүсгүй хүний нэгэн гайхамшиг. Өөрийн мах цуснаас тасран унасан бяцхан үрээ хайрлан энхрийлсэн харц, хөхөө үлгэн өмөлзөх төрхийг нь өхөөрдөн хайрлах сэтгэл, зүрхээр нь булгилан урсах хайр энэрэлийг юутай ч зүйрлэшгүй ээ. Урсан хөврөх амьдралын үргэлжлэл, удам залгах үр хүүхдийг нь төрүүлж өсгөдөг гайхамшиг бүсгүй хүнээс өөр хэнд заяасан гэх билээ. Хайртай үрээ тэврэн бүүвэйлэх бүсгүй хүний сэтгэл шиг уяхан, хайлган нь ертөнцөд өөр хаана ч байхгүй.
Энэ ертөнцийн бүх л бүсгүйчүүд ааштай. “Чи чинь өнөөдөр бас л архи гударчихаа юу” хэмээн үглэж л байвч өглөө нь сэтгэл цэлмэтэл инээмсэглээд, аяга дүүрэн бантан бариад л зогсож байх. “Эвий минь, муу ханиа өчигдөр орой баахан загначихсан“ хэмээж өмсөх хувцасыг нь нэгд нэгэнгүй нямбайлан бэлдчихсэн л байна. Ханиа хүнээс дор, муухай явуулахгүй гэж дотор сэтгэлдээ хүүхэд шиг л бөөцийлж байх халуун сэтгэл чухам тэднээс л мөнхөд ундраастай. Ханилсан ханиа, эр нөхрөө хатуу бүхний өмнө сөхөрч бүү унаасай гэж, халуурхан онгирч бүдэрч битгий сөхрөөсэй гэхдээ л гаргах олон ааш аяг нь чухамхүү амьдралын сайн сайхны төлөө л байдаг. Ханилсан ханиа хатгаж хурцлан, юуг ч бүтээлгэж чадах бүсгүй хүний хатан ухааныг юутай ч зүйрлэшгүй. Харьд яваа, хэзээ мөдгүй хилийн дээс алхахаар өнөөдөр хэлний шалгалт өгч суугаа тэд маань хөл толгой нь мэдэгдэхгүй, ороо бусгаа энэ цаг үеийн шуурганд туугдсаар аргагүйн эрхэнд эх нутаг ээж, аав хайртай бүхнээ орхицгоож байгаа.
Өнөөдөр цэцэг цэврүү шиг олон Монгол бүсгүй харьд ажиллаж амьдарч яваа. Амар хялбараар жаргах гэж бус амьдралын хүнд ачааг нуруундаа үүрчихээд алтан бөгж, монетон ээмэгний төлөө биш алдагдаж мэдэх, нурж ч магадгүй амьдралынхаа төлөө хөлсөө урсган, шургаж унатлаа зүтгэж л яваа. Харь эрийн шүлэнгэтсэн харцнаас гоо үзэсгэлэнгээ нууж ядан, хатуу ажлын ул мөрд хагарч, эвэршсэн гараа харж хааяа нэг хэнгэнэтэл санаа алдчихаад л гүйж яваа. Дэлхийгээр нэг таран одсон тэдэнд маань өнөөдөр хийгээгүй ажил бараг л үлдээгүй. Хүнд үйлдвэр, хими, будаг, угаалга, цэвэрлэгээ, хөгшид асрах, хоол хийх, хог шүүрдэх гээд л…
Харин тэд ингэж олсон мөнгөөрөө өөртөө ганц аятайхан гутал аваад өмсчих зүрхгүй, үр хүүхэд, үлдээсэн амьдралаа босгох гэж өнчин дэрэн дээрээ уйлавч маргааш өглөө нь шүд зуугаад босцгоож л байгаа. Зарим нэг нь мэдлэг, авьяасаа гайхуулан дэлхийд нэртэй банк, загварын агентлаг, үл хөдлөх хөрөнгийн зуучлал, урлагийн тайз, спортын тавцанд од болон гялалзаж тормогор хар нүдэндээ цог жавхаа бадруулж яваа. Ажилсаг авхаалжтай, халамжтай бас ухаантай монгол эхнэрээрээ гоёж, гайхуулан бардамнаж яваа аз нь шовойсон харь эрчүүд олон бий. Хаа нэгтээ тааралдах эрийн боол болсон харц доогуур, сэтгэл гундуу харь газрын олон бүсгүйчүүдээс омог бардам толгой дээгүүр үзэсгэлэнт монгол бүсгүйчүүдээрээ цээж тэнийтэл омогшиж явдаг эр хүн, би. Хатуу хүнд ажилд хагарч эвэршсэн гарын чинь тэртээд, эвдэрч хувираагүй сэтгэл тань бий гэдэгт итгэдэг. Өнөөдөр ядарч, зүдэрч байвч угтан ирэх маргаашийн өдөр гэгээн гэрэлтэй, өөдрөг сайхан амьдрах тавиланд тань итгэдэг. Хүнд бэрх цагт босоо цагаан заяатай амьдралын төлөө зүтгэсэн зүтгэл тань, хожмын нэгэн өдөр мөнхийн гавьяагаар үнэлэгдэх нь гарцаагүй. Сайхан монгол бүсгүйчүүд минь эх орондоо налайтал тайван амьдарч, үргэлж инээмсэглэж явах цаг хол биш байгаасай. Гуньж ядарсан сэтгэлээ сархадаар бүү даруулаарай, сэтгэл уйлдаг юм. Омог бардам сэтгэлээ өөдрөг тэмүүллээр хөглөөрэй, сэтгэл хөнгөрдөг юм. Энэ нэгэн үдэш эх орон, ард үлдсэн амьдралаа гэрэлтэй сайхнаар дурсаарай, итгэл тань батаждаг юм шүү.
E-mail: eegii1967@yahoo.com
Утас: 76110303, 76110505