Таны өтгөн хатдаг уу? Хэрвээ тийм бол энэ асуудал ямар их зовиуртай байдгийг та мэдэх бизээ. Судалгаанаас үзэхэд Дэлхийн 5 хүн тутмын нэг нь архаг өтгөн хаталттай байдаг байна. Мөн эмэгтэйчүүдэд эрэгтэйчүүдээс 3 дахин илүү тохиолддог. Харин хүн бүрийн бие биедээ хэлээд байдаггүй энэ зовиур, эмгэгийг эмчлэхгүй байх нь шамбарам, бүдүүн гэдэсний үрэвсэл, цаашилбал бүдүүн гэдэсний хорт хавдарт ч хүргэх аюултай юм.
48 цагаас дээш хугацаанд өтгөн гарахгүй байхыг өтгөн хаталт гэнэ.
Эрүүл хүнд өтгөн хэрхэн үүсч гадагшилдаг вэ?
Нарийн гэдэснээс бүдүүн гэдэс рүү өдөрт 2 кг орчим боловсорсон хүнсний зүйл орж ирдэг бөгөөд бүдүүн гэдсэнд шимэгдсэний дараа 200-300 гр ялгадас үлддэг.
Өтгөн гадагшлах хүртлээ бүдүүн гэдсэнд хуримтлагдаж байдаг.
Гэдсэн дэх зүйл нарийн гэдсээр 4-5 цаг, бүдүүн гэдсээр 12-18 цагийн турш явдаг байна.
Өтгөн хаталт үүсэх шалтгаан:
Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн буурах
Хөдөлгөөн багатай байх
Хоол хүнсэндээ ургамлын гаралтай бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх
Уураг ихтэй мах зэрэг бүтээгдэхүүн хүнсэндээ их хэрэглэх
Удаан хугацааны сэтгэл гутрал
Зарим эмийн бэлдмэл
Ходоод-гэдэсний замын эмгэг
Мэдрэлийн өвчин
Дотоод шүүрлийн булчирхайн эмгэг
Өтгөн хаталтын үед илрэх шинж:
Амнаас эвгүй үнэртэх
Толгой гэнэт өвдөх
Арьс цонхийн, шар туяа татах, уян хатан чанараа алдах
Хоолны дуршил буурах
Гэдэсний доод хэсгээр хүндрэх
Гэдэс дүүрэх
Их хүчлэх боловч өтгөн гүйцэд гарахгүй байх
Өтгөн хаталтын улмаас дараах эмгэгүүд үүсдэг:
Гэдэсний цүлхэнт эмгэг
Шамбарам
Шулуун гэдэсний үрэвсэл
Бүдүүн гэдэсний хорт хавдар
Өтгөн хаталтын эмчилгээ:
Ургамлын гаралтай бүтээгдэхүүн хүнсэндээ түлхүү хэрэглэх
Пробиотик агуулсан хүнс, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэх
Өдөрт 2 л-ээс доошгүй шингэн хэрэглэх
Өдөрт 5-аас доошгүй удаа тогтмол хооллох
Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сулруулах эмийн бэлдмэл дур мэдэн хэрэглэж болохгүй.
Дасгал хөдөлгөөн тогтмол хийх
Өтгөн хаталтыг эмчид үзүүлэлгүй өөрөө дур мэдэн эмчлэх нь өтгөн хаталтын бодит шалтгааныг оношлох, зөв эмчилгээ хийх явцыг саатуулдаг.
Ходоод гэдэсний эсвэл шулуун гэдэсний эмчид үзүүлэх
Тодосгогч бодистой рентген зураг авахуулах
Бүдүүн гэдсээ дурандуулах
Хэвлийн ЭХО-д харуулах
Өтгөн хаталтаас сэргийлэх аргууд:
Өдөрт хамгийн багадаа 8 аяга ус уух
Ислэг ихтэй бүтээгдэхүүний хэрэглээг нэмэгдүүлэх
Пробиотик агуулсан хүнс, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэх /Тараг, бяслаг, мисо шөл, даршилсан байцаа, даршилсан өргөст хэмх, хар талх зэрэгхүнсний бүтээгдэхүүн Пробиотик агуулдаг/
Дасгал хөдөлгөөн тогтмол хийж байх
Өдрийн тогтмол цагт ОО-д сууж гэдсээ цэвэрлэж байх
Өтгөнөө цаг тухайд нь гадагшлуулж байх
Өтгөн гадагшлахад тохиромжтой байрлал олж суух. Ингэхдээ хөлнийхөө доор ивээс тавих маягаар 00-ийн суултуур дээр өвдгөө гуянаас дээш түвшинд сууна. Урагш бага зэрэг тонгойж, тохойгоороо өвдгөө тулна. Нуруугаа цэх байлган гэдсээ урагш түрж өгнө.
Зөв сууж бие засах нь өтгөн хаталт болон шамбарамаас сэргийлнэ.