Хүүхдийн хамар цэвэрлэх
Хүүхдийн хамрын салст нимгэн, богино, хангалттай хөгжөөгүй байдаг учир нус хатаж битүүрэх тохиолдол байдаг ч мөн салст хавагнаж хөөж битүүрэх тохиолдол бас байдаг.
Хамар битүүрснээс чийглэгдээгүй, цэвэрлэгдээгүй, хүйтэн агаараар амьсгалснаас болж амьсгалын замын салст бүрхэвч цочирч өвчилнө. Ийм учраас хүүхдийн хамрыг нус хатаж битүүрсэн үед нь тогтмол цэвэрлэж, амьсгалахад нь чөлөөтэй байлгахыг хичээх хэрэгтэй.
Хамар битүүрснээс чих өвддөг.
Өглөө болгон хөхүүлэхийн өмнө хүүхдийнхээ хамрыг байнга цэвэрлэхийг зарим эмч, сувилагч нар зөвлөдөг ч бас дасал болдог тул үүнийг дэмий, зөвхөн битүүрсэн үед л цэвэрлэхийг зөвлөдөг эмч нар ч байдаг.
Мөн “зулын гол шиг” хөвөн имэрч ороогоод түүнийгээ буцалсан усанд норгон болгоомжтой эргүүлэх хөдөлгөөнөөр нус салстыг цэвэрлэх хэрэгтэй гэж зөвлөдөг эмч, сувилагч нар байдаг ч орчин үед ийм хөвөн хүртэл хүүхдийн эмзэг хамрын салстыг гэмтээдэг тул 2-3 дусал буцалгаж хөргөсөн ус хамрын нүх бүрд дусаагаад гаднаас нь зөөлөн чимхэж тавиад 30 секунд орчим иллэг хийгээд доош нь харуулж 5-10 минут хэвтүүлээд, хамраас нь нусыг гоожуулж цэвэрлээрэй.
Мөн нусаар битүүрээгүй хавагнаж битүүрсэн үед нь ямар нэгэн хатуу зүйл хийвэл салст шархалж бүр ч илүү хамар битүүрдэг.
Хүүхдийг мөн үе үе 10-15 минут доош харуулан хэвтүүлж нурууг илэхэд хүүхдийн хамар онгойдог.
Өрөөний агаарыг тохиромжтой, цэвэр, чийглэг байлгах нь мөн хүүхдийн хамрыг битүүрэхээс урьдчилан сэргийлдэг.
Хүүхдийн арьсыг цэвэр байлгах
Арьс хүүхдийг амьсгалахад оролцдог учраас түүнийг байнга цэвэр байлгах ёстой.
Хүүхдээ хуурайлах бүрдээ суга, цавь, хүзүүний нугалаа зэргийг сайтар үзэж нурсан эсэхийг шалгаж байх хэрэгтэй.
Хүүхдийн арьсанд янз бүрийн улайлт, тууралт, идээт цэврүү байгаа эсэхийг сайн шалгаж, арьсыг цэвэр байлгахыг хичээгээрэй.
Нярай, хөхүүл хүүхдийн нүүр, хүзүү, чих орчмын арьсыг буцалсан бүлээн усанд базсан алчуураар зөөлөн арчиж цэвэрлэж болно.
Хүүхдийг хуурайлах бүрийн дараа бөгсийг савандалгүй, буцалгаж хөргөсөн ус, эсвэл хар цайгаар угааж байх хэрэгтэй. Охидын хярзан, бэлэг эрхтэнийг урдаас нь хошного руу нь чиглэлтэйгээр угаах хэрэгтэй ба дараа нь цэвэр, хуурай алчуураар дарж хатаана. Шууд цорго, эсвэл худгийн усаар угаах нь тохиромжгүй.
Нялх хүүхдийг өдөр бүр усанд оруулах нь хүүхдийн арьсыг цэвэр байлгах ба чийрэгжүүлэх ач холбогдолтой.