Францын нийслэл Парис хотноо болж буй Чөлөөт бөхийн ДАШТ-д өчигдөр манай дөрвөн бөх барилдсанаас 57 кг-ын жинд Монгол Улсын Гавьяат тамирчин Э.Бэхбаяр хүрэл медаль хүртэж Дэлхийн аваргын хошой хүрэл медальтан боллоо. Тэрбээр өмнө нь 2015 онд АНУ-ын Лас Вегас хотод болсон Чөлөөт бөхийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж байсан юм.
Э.Бэхбаяр Францын нийслэлд эхний тойрогт энэ жилийн Азийн АШТ-д манай ОУХМ З.Занабазарт ялагдсан Киргизстаны Улукбек Жолдошбековыг 12:0-ээр оноогоор цэвэр ялсан. Харин 1/8 шигшээд залуучуудын ДАШТ болон 23 хүртэлх насны Европын аварга Туркийн Сулейман Атлиг 7:0-ээр тус тус ялсан ч шөвгийн наймд энэ жилийн Азийн аварга Японы Юки Такахашид 4:4-өөр буюу онооны чанараар ялагдав.
Японы бөх шигшээд шалгарснаар түүнд дагах барилдаан гарсан бөгөөд 2016 оны Азийн аварга Энэтхэгийн Сандееп Томарыг 10:0-ээр оноогоор цэвэр ялсан бол хүрэл медалийн төлөөх барилдаанд ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Болгарын хашир туршлагатай бөх Владимир Дубовыг 9:2-оор ялж дэлхийн хэмжээний бөх гэдгээ нотоллоо.
Э.Гүнтөмөр