Өнөөдөр Рок-н-роллын өдөр, дөрөвдүгээр сарын 13, (World Rock-n-roll Day). Ингэхэд рок гэдэг чинь юу билээ? Бөөн савхи, есөн жорын гял цал тэмдэг, гинж сэлт болсон “эвгүй гарууд”, рок-н-ролл хөгжмийн дор амьдралын хэв маяг, хувцаслалт ааш аягаараа нэгдэж, нийгэмд үзэл бодлоо түгээж ирсэн хэсэг бүлэг хүмүүс. Гэхдээ рок-н-ролл гэхээр хүмүүс ийм хэв маягтай хүмүүс гэж төсөөлөөд заншчихсан аж. Гэвч тэднийг үнэндээ рокерууд гэдэг. Хөгжмийн рок-н-ролл хэв маягийг анх үндэслэгчид болох Чак Бэрри,Элвис, Пресли, Жин Винсент нарын үлгэр маягаар хувцаслаж, мотоцикл унаж давхидаг залуус. Өнгөрсөн зууны жараад оны үед Биртанид үүссэн рок-н-роллын нэг урсгал юм. Тэгэхээр жинхэнэ рок-н-роллоос тэднийг ялгах хэрэгтэй.
Харин чих дөжрөөм чанга хөгжим, үсээ сэгсчин хахирган орлих Рок-н-ролл анх “мэндэлсэн” өдөр их сонин түүхтэй холбоотой байдаг аж. Тэр түүх ийм буюу, 1954 оны дөрөвдүгээр сарын 12-нд Билл Хейли (Bill Haley) зохиосон «Rock Around The Clock» дуу дэлхий дахины хөгжмийн урлагт шинэ чиг хандлага нээсэн гэж үздэг. Гэтэл уг дуу тэр даруйдаа Америкийн нутаг дэвсгэрээс хальж, тив дэлхийгээс тархаснаар нийгмийн урламжлалт хэв маяг, ёс заншилд эргэлт гаргасан “эсэргүү” явдал болов.
Хорьдугаар зууны хоёрдугаар хагас, Дэлхийн хоёрдугаар дайнд дөнгөж цэг тавиад байсан энэ цаг үед хүн төрөлхтөн амар тайван амьдралд шимтэж байлаа. Хүмүүс ямар нэгэн сэтгэл санаа тавгүйтүүлсэн зүйлээс аль болохоор ангижрахыг хүсэж байсан бөгөөд нийгмээ дагаад тэр үеийн дуу, хөгжим ч уянгалаг тайван өнгө аястай, гэгээн алсын мөрөөдөл мэт хүсэл тэмүүллийг илтгэж байв. Тэр байтугай АНУ-ын хөгжмийн их наадам дээр ч үлгэр жишээ америкчуудын соёл урлагийг ангид хөгжүүлж, хар арьстнуудын зэрлэг догшин урлагаас тусгаарлах санал санаачилга тавигдаж байжээ.
Гэхдээ тухайн үеийн Америкт “албан ёсны” уянгалаг тайван хөгжмийн зэрэгцээ амьдралын эрч хүчийг илтгэсэн дуу хуур нь чанга, хүчтэй хэмнэлттэй ритм-энд-блюз хөгжимд хүмүүс таттагддаг байж. Харин нэгэн үдэш Кливлендийн нэгэн радиостанцын диск-жокей Алан Фрид “бөх зүрх” гаргаж, өргөн нэвтрүүлэгт ритм-энд-блюз маягийн бичлэг тавьж орхисон байна. Сонирхолтой нь тэрээр цагаан арьстнуудыг ухаан алдтал нь цочирдуулахгүйн тулд бичлэгээ шинэ төрлийн хөгжмийн урсгал «рок-н-ролл» хэмээн зарласан аж. Ингээд Алан Фридын гавьяагаар “төрөл арилжсан” ритм-энд-блюз арьс өнгө ялгаварлалгүй бүх хүмүүст таалагдаж эхэлсэн түүхтэй гэдэг.
Rock гэдэг үг эртний англи (Old Nordic rykkja) хэлээр бол “татах, урах, хөдлөх” гэсэн утгатай үг бол Roll гэдэг нь латин үгнээс гаралтай “жижиг дугуй” гэсэн утгатай. Харин “rocking and rolling,” гэх үг хэллэг бүр 17-р зууны үед далайчид хөлөг онгоцныхоо далбааг дэлгэн урагшлахыг хэлсэн утга санаа байсан бол 1920 оны үед энэ үгийн утга бүжиглэх, эсвэл сексдэх болон шилжирсэн байна. Харин хар арьстай дуучин Триси Смитийн 1922 онд дуулсан “My Man Rocks Me (With One Steady Roll)” блюз дуунаас эхлэн рок-н-ролл гэсэн үг хэллэг гарсан гэдэг байна.
Тэгээд ч рок-н-роллыг хүлээн авсан цагаан арьстнуудын дотроос өөрөө гитар дараад дуулчихдаг Билл Хейли тун удалгүй алдаршсан байна. Түүний ритм-энд-блюз, кантри, гудамжны хар ярианы үг хэллэг холилдсон коктейль гайхамшигтай амжилтад хүрч байжээ.
Энэ хандлагын хөгжим ч улам түгэн дэлгэрч өсвөр насныхан, залуучуудын ганц шүтээн болсон домогт Элвис Пресли тодрон гарч, түүний хувцаслалт, ааш араншин хэв маяг Америкаар тогтохгүй бусад улс оронд түгэн дэлгэрч байв. Харин рок-н-роллоор оволзож, давалгаалсан энэ цаг үеийн дараа 1960-аад онд рок-н-роллийн нэг урсгал болсон поп-рок дэлгэрч Ливерпулийн дөрвөл «битлмаани» хэмээх халдвар тараасан бол 1964 онд мөн «Rolling Stones» хамтаг гарч ирж, түргэн хэмнэлтэй, хүчирхэг хөгжмөөрөө ялгарч байсан билээ. 1970-аад онд харин илүү сэтгэл зүйн талын гэвэл таарах рок, тухайлбал «Pink Floyd», «Deep Purple», «Led Zeppelin», «Black Sabbath» хамтлагууд төрж гарсан бөгөөд чухам энэ цаг үеийг рок урлагийн хөгжлийн оргил, алтан үе хэмээдэг байна. Харин өнөөдөр рок хөгжим бүжгийн хөг аялгуутай хөнгөн рок-н-роллоос өгсүүлээд зэрлэг хүнд хөгжмөөр дарсан грайндкор, «Sex Pistols», «The Clash», «Stooges» гэх мэтийн панк-рок, 1980-аад оны эмэгтэй рок зэргээр олон янзын хөг аялгуугаар өргөн дэлгэр хөгжлийг олоод байна. Рок-н-роллын хөгжлийг харин залуу насны бүхэл бүтэн нэгэн үеэр авч үзвэл «Nirvana» хамтлагийн Курт Кобейн сүүл мушгиж, 1990-ээд оны хамгийн тод гялалзсан од байсан билээ.
Гэвч рок-н-ролл хөгжмийн хэв маяг дотор металл-рок гэдэг хүнд урсгалыг дурьдахгүй өнгөрөхийн аргагүй. Энэ хөгжим ихэвчлэн анархизм, сатанизм, үхэл, хүчирхийлэл, харанхуйн хүч гэх мэт бүхий л амьдралын хар бараан зүйлсийг хүнд “тулгадаг” тул энгийн олонд таагүй уур амьсгал төрүүлж, жигшмээр жихүүн сэтгэгдэл өгдөг байна. Харин хэн нэгэн хүнд амьдрал ямар ч утгагүй санагдах үед энэ хөгжим нь тусалж, өөрийн гарцаа олоход тусалдаг гэж рокынхон ярьдаг, нэг талаас маш хүнд гүн гүнзгий утга илэрхийлдэг хөгжим аж.
Металл рок 1966 оны үеэс хүчтэй хөгжиж ирсэн амьд хөгжмийн төрөл бөгөөд хамгийн хүнд хөгжим юм. Хамгийн анх Cream, Jimi Hendrix, Blue Cheer, Led Zeppelin гэх мэт хамтлаг нь эхлэлийг нь тавьж байсан бөгөөд Led Zeppelin хамтлaг илүү их хувь нэмэр оруулсан байдаг. Дараагаар нь Black Sabbath, MC5, Mountain, The Stooges хамтлаг гарч ирснээр Hard Rock, Shock Rock хөгжмийн эхлэл тавигдаж байв. Дараа нь Progressive Metal хөгжиж эхлэхтэй зэрэгцээд олон урсгал үүссээр л байлаа.
Харин Монголд рок хөгжмийн хүнд төрлүүд орж ирсэн цаг үеэс зарим залуучууд нийгэмд өөрсдийгөө тодотгох гэж илүү этгээд, албин чөтгөрийн гэмээр хэв загвартай хувцаслах болж, зарим нь бүр нийлж хүн зодон булш ухаж, амьтны зулзага тамлан алж, архи болон мансууруулах бодисонд автаж байсан харамсалтай түүх бий.
Гэвч үнэндээ Монголд рок хөгжмийн тулгын чулууг "Соёл-Эрдэнэ" хамтлаг тавьсан билээ. Гэхдээ “төрийн оролцоотойгоор”.
БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн тогтоолоор 1970 онд анх байгуулагдаж байсан уг хамтлаг поп-рок хөгжмийн урлагийг Монголд дэлгэрүүлж, 1970-1980- аад онд Монголын залуусын бүтэн нэг үед рок хөгжмйн боловсрол олгосон гэж үзвэл зохилтой. "Соёл-Эрдэнэ" хамтлагийн 45 жилийн ой өнгөрсөн онд тохиосон билээ.
E-mail: etugen68@yahoo.com
Утас: 76110303, 76110505