Бөөрийг дотоод эрхтний язгуур, бүх нүх сүвийн эх, амьдралын үндэс гэж үздэг. Бөөр бол тархийг тэжээх, нурууны ясыг бэхжүүлэх, биеийн элч дулааныг сэлбэх, хоол хүнсийг шингээх үйл ажиллагаатай холбоотой эрхтэн юм. Бөөр муудахад хүний цусан хангамж дордож, булчин шөрмөс сулран, биеийн ерөнхий эсэргүүцэл аажмаар доройтдог.
Бөөр нь хүний биеийн хортой бодисыг гадагшлуулж цэвэршүүлэх үүрэгтэй хос эрхтэн бөгөөд биед үүсдэг хортой илүүдэл шингэнийг өвчилсөн бөөр бүрэн зайлуулж чадахгүй болсноос хамаг өвчний шалтгаан болдог байна. Иймд бид бөөртэй холбоотой өвчин эмгэг яагаад гардаг, түүнээс яаж урьдчилан сэргийлэх болон өвдсөн тохиолдолд ямар төрлийн эмчилгээ хийж, гам барих талаар "Эрин" эмнэлэгтэй хамтран цуврал зөвлөгөө хүргэж байгаа билээ.
Энэ удаа бид "Эрин" клиник эмнэлэгийн Бөөр, гемодиализын их эмч, гемодиализын тасгийн эрхлэгч Н.Оюунтай бөөрний өвчин ямар шинжүүдээр илэрдэг, хүн амын дундах өвчлөл, эмчлүүлэхгүй удаан явснаас үүсэх хор уршигийн талаар хийсэн ярилцлагыг хүргэж байна.
-Бөөрний өвчин ямар шинжүүдээр илэрдэг вэ. Хүн амын дунд өвчлөл ямар байна вэ?
-Бөөрний өвчин нь шээсний хам шинж, хавагнах, даралт ихсэх, өвдөх, бөөрний дутагдлын гэх мэт хам шинжүүдээр илэрдэг. Манай орны цаг уур, хүн амын төвлөрөл, хөдөлмөр эрхлэлтийн байдал, амьдралын орчин, стресс зэрэг олон шалтгааны улмаас хүн амын дунд бөөр шээсний замын өвчлөл тэдгээрийн хүндрэл харьцангуй их байна.
-Бөөр гэдэг эрхтэн ямар бүтэцтэй, хүний биед ямар үүрэгтэй вэ?
-Бөөрний бүтэц үйл ажиллагааны үндсэн нэгж нефрон юм. Насанд хүрэгчдэд 2-2,5 сая нефрон байдаг. Энэ нь өөрөөр хэлбэл маш олон тооны хялгасан судасны багц бөгөөд шээсийг үүсгэх, ялгаруулах, электролит болон уургийн зөөвөрлөлт, дотоод шүүрлийн үйл ажиллагаа явуулах гэх мэт олон үүрэгтэй. Тийм ч учраас бөөрний үйл ажиллагаа нь алдагдахад олон эрхтэн тогтолцоо гүнзгий хямралд орж улмаар тэдгээрийн хэвийн ажиллах боломж нь алдагдана. Тэрчлэн олон эрхтэн системийн өвчний үед бөөр өөрөө хоёрдогчоор өвчлөх нь их байдаг.
Хүн амын нийт өвчлөлийн дунд бөөрний эмгэг 5-рт ордог. Бөөрний өвчлөлийн дотор аяганцар тэвшинцэрийн үрэвсэл /пиелонефрит/ 60 хувь, түүдгэнцэрийн эмгэг /гломерулонефрит/ 20 орчим хувийг эзэлдэг. Пиелонефрит нь өвөрмөц бус нянгаар үүсгэгддэг. Эдгээрээс гэдэсний савханцар буюу E.Coli хувийг эзэлж байна. Заримдаа архагшаад даамжрах явцад хэд хэдэн нянгийн хослолоор үүсдэг. Пиелонефритээр залуу эмэгтэйчүүд, ахимаг насны эрэгтэйчүүд илүү өвчлөмтгий байдаг. Ялангуяа эмэгтэйчүүдийн 2/3 нь энэ өвчнөөр өвддөг нь эмэгтэй хүний шээсний анатоми физиологийн онцлог, жирэмслэлт төрөлт зэрэгтэй холбоотой, мөн ахимаг насны эрэгтэйчүүдэд түрүү булчирхайн томрол зэрэг олон шалтгаануудаас болно.
Эрэгтэйчүүд харьцангуй бага өвчилдөг нь шээс ялгаруулах замын бүтцийн онцлогоос гадна түрүү булчирхайн шүүрэлд агуулагдах нянгийн эсрэг биологийн идэвхтэй холбоотой. Гломерулонефритийн шалтгааны 70-80 хувийг стрептоккийн халдвар буюу ангина, шүд хорхойтох өвчин /кариес/ үүсгэж байна.
-Тэгвэл пиелонефрит өвчний үед ямар шинжүүд илрэх вэ?
-Пиелонефрит өвчний үед ууц нуруугаар чилж хөшиж өвдөх, хэвлийн доод хэсгээр өвдөх, нүүр зовхиор цэлхэрч хөөнгөтөх, ойр ойрхон шээх, шөнө шээх, шээсний өнгө үнэр өөрчлөгдөх зарим тохиолдолд даралт ихсэх шинжээр илэрдэг.
Хүмүүс нуруу ууцаар өвдөх үед бөөр өвдөж байна гэж ойлгодог. Гэтэл нурууны зарим эмгэгүүд, эмэгтэйчүүдийн өвчний үед ч дээрх зовиур илэрдэг учраас үүнийг ялган оношилж шинжилгээгээр тодруулах хэрэгтэй.
-Бөөрний өвчний үед ямар шинжилгээг өгөх вэ?
-Шээсний ерөнхий, шээсний нянгийн шинжилгээ, цусны дэлгэрэнгүй, биохимийн шинжилгээ, чанд авиа буюу эхо, шаардлагатай тохиолдолд рентген изотол, компьютер болон бусад шинжилгээнүүд хийгддэг. Ялангуяа зарим хүмүүс зовиур илрэнгүүт дур мэдэн эсвэл эмийн сангаас асууж эм уугаад зовиур намдахгүй болохоор шинжилгээ өгдөг. Гэвч антибиотик хэрэглэсний улмаас шинжилгээнд өөрчлөлт илрэхгүй архагшдаг. Ингэснээр сүүлийн үед эмэнд дасалтай нянгаар үүсгэгдсэн үрэвсэл ихсэж байна.
-Өвчилсөн үед эмчлүүлэхгүй удаан явснаас үүсэх хор уршиг юу вэ?
-Пиелонефритийн хурц үрэвслийг сайн эмчлээгүйгээс архагт шилжих ба хоёр бөөрийг хамарсан архаг пиелонефритээр олон жил өвчилсний эцэст бөөрний эд хатингаршиж, цусны даралт ихсэх зарим тохиолдолд бөөрний архаг дутагдалд хүргэдэг. Гломерула нефритийн 70 хувь нь бөөрний архаг дутагдалд ордог.
-Бөөрний өвчнөөс сэргийлэхийн тулд яах ёстой вэ?
-Бөөрний өвчнөөс сэргийлэхэд хамгийн чухал нь халдварын голомтыг цаг тухайд нь эмчлэх буюу шүд, хоолойг эрүүлжүүлэх, ханиад томуугаас сэргийлэх улиралдаа тохируулан дулаан хувцаслах, даарч хөрөхгүй байх, илчлэг сайтай хоол хэрэглэх нь чухал байдаг.
-Бидний урилгыг хүлээн аван ярицлага өгсөн танд баярлалаа. Эцэст нь та уншигчиддаа хандаж юу хэлэх вэ?
-Хүний хамгийн үнэтэй зүйл бол эрүүл мэнд гэдгийг хүн бүр санаж яваарай гээд танай сайтын нийт уншигчдад эрүүл энхийг хүсье.
"Эрин" клиник эмнэлэг
Хаяг: Баянзүрх дүүрэг, 6-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, 37-2 тоот, Бөхийн өргөөний баруун урд талд
Холбоо барих утас: 463900, 9880-5555, 9999-2456