Тэсвэр тэвчээрийн туйл
Унгар улсад болж буй усан спортын Европын аварга шалгаруулах тэмцээний алсын зайн уралдааны 25 км-ын зайд Унгар улсын тамирчин, Монгол ээжтэй Онон (Шөменек Онон Каталин, Sömenek Onon Katalin) маань гахйамшигтай сайхан уралдаж 4-р байр эзэллээ.
25 км-ыг усан дотор туулахад ямар их хүч чадал, тэсвэр тэвчээр шаардлагатай билээ дээ. Энэ жаахан охин тэсвэр тэвчээрийн туйл гэж юу байдгийг харуулж 25 км-ыг усанд сэлэн дэлхийн томчуултай уралдан туулж, усан дотор 5-6 цаг тасралтгүй хүч шавхан байсан гэхээр үнэхээр гайхамшигтай.
25 км-ын алсын зайн уралдаан олимпын төрөлд ордоггүй ч хамгийн хүнд хэцүү зай учраас зөвхөн шонхрууд тулаанд ордог гэгчээр зөвхөн шилдгүүд л уралддаг юм. Уралдааны явцад марафоны болон дугуйн тамирчидтай адилхан юм ууж болдог ч уснаас гарч болохгүй учраас юм уух нь ч ямар хүнд болохыг төсөөлөөд үзээрэй.
Унгарын спортын мэргэжилтнүүд Ононг маань маш жигд, хүчтэй сайхан уралдлаа гэж магтаж байна, Онон урд нь залуучуудын Европын аваргаас медаль авч байсан бол одоо ийнхүү насанд хүрэгчдийн буюу дэлхийн хамгийн шилдгүүдийн дунд цахиур хагалж эхэллээ. Онон 25 км-аас гадна 10 км-ын зайд бас уралддаг юм.
Монгол наадамд 25 км уралдан ирж амьсгаадан буй сайхан монгол морьдоо хараад хүн бүрийн самсаа шархирдагийн адил 25 км усан дотор уралдаад ирж буй Монгол нутагтаа Монгол ээжээс төрсөн Монгол охиноо хараад Монгол түмэн баярлаж, бахархаж, амжилт хүсэж суугаа.
Баярлалаа охин минь, Унгар, Монголын нэрийг дэлхийд цуурайтуулах их амжилтууд өмнө чинь байна, гэхдээ тэр амжилтуудаас хамаагүй өмнө тэсвэр тэвчээр хүч чадлаараа Монгол түмнээ бахархуулж чадлаа.
Зэнээмядарын Батбаяр
Унгар улс