Буянхишигийн Билгүйтэй. Түүнийг Тайландад ажиллаж амьдарч, олон улсад загвар өмсдөг гэдгээр нь зарим уншигчид таньж байгаа байх. Тэр одоо олон улсын загварын ертөнцөд од болон гялалзахын зэрэгцээ Америкийн Medical Departures компанийн олон улсын онлайн маркетингийг хариуцан ажиллаж байна. Бид түүнийг “Дэлхийн Монголчууд” буландаа урьж, Монголчуудад дэлхийд гарах ямар гарц байгаа талаар ярилцлаа.
–Сүүлийн үед загвар өмсөгч гэхээсээ илүү Монгол Улсын иргэн Билгүйтэйн үзэл бодол олны анхаарлын төвд байх шиг байна?
-Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Би дийлэнх монголчуудынхаас эрс тэс өөр үзэл бодолтой байгаа болохоор л анхаарал татаж байгаа бололтой. Их ч шүүмжлүүлж байна. Би аливаа зүйлийн хөгжлийг төр гэхээсээ илүү иргэн хүнээс эхлэх ёстой гэж боддог юм. Учир нь, бид чөлөөт ардчилсан нийгэмд амьдарч байгаагаа ойлгох ёстой.
Маш олон хүн хуучны социалист төрийн хангамжийн сэтгэлгээнээсээ одоо хүртэл салаагүй байгааг хараад их эмзэглэдэг. Ялангуяа залуу хүмүүс бүх юманд төрийг буруутгаж байгааг хараад дотроо их бухимддаг. Монгол Улс эдийн засгийн хямралтай байгаад төр тодорхой хэмжээгээр буруутай ч гэлээ иргэд ч бас энэ бурууг үүрэлцэх ёстой гэдгээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Учир нь, чөлөөт зах зээлд иргэн хүний үүрэг маш чухал, мөн иргэн хүн өөрөө мундаг байж чадвал төрөөс ч баян болж болно. Энэ бол бидэнд олдсон аз завшаан юм. Үүний хамгийн тод жишээ бол Америк. Хүн бүрийн мэддэг Apple, Microsoft, Facebook гэх мэтийг Америкийн төрийн түшээд хийгээгүй юм. Энгийн нэгэн иргэн л хийж хэрэгжүүлээд, маш олон хүнийг хоолтой нь залгуулж байна. Энэ улс ингэж л хөгжсөн.
Монголын эдийн засгийн хямралын нэг шалтгаан нь манай улсын эдийн засаг ашигт малтмалдаа суурилдагтай холбоотой. Тиймээс ч ашигт малтмалын үнэ өсч, гаднын хөрөнгө оруулагчид ороод ирэх үед эдийн засаг сайжирч, гаднын хөрөнгө оруулагчид гарч яваад, ашигт малтмалын үнэ дэлхий даяар буух үед хямардаг. Тиймээс бид төр гэхээсээ илүү иргэнийхээ хувьд өөр боломж гарц гаргалгааг бий болгож, цаашаа хөгжих шаардлагатай.
-Иргэн өөрөө баян байх ёстой гэсэн энэ үзэл чинь л бэлэнчлэх сэтгэлгээтэй өнөөгийн залууст даанч таалагдахгүй байна даа?
-Манай улс чөлөөт зах зээлийн нийгэмд шилжээд 27 жил боллоо. Социалист нийгэмд амьдарч байсан хүмүүс ч одоо амьд сэрүүн байгаа. Тэдний хувьд үзэл бодлын шилжилт хийхэд асуудалтай байх. Тэд залуусын тархийг хуучны үзэл сурталаараа угаахгүй л байгаасай. Одоохондоо бид үзэл бодлын шилжилтийн үедээ л явж байх шиг байна.
Түүнээс гадна над шиг ийм үзэл бодолтой хүмүүс массын бэлэнчлэх сэтгэлгээтэй хүмүүстээ ялагдаж болохгүй, нэг ч гэсэн хүний үзэл бодлыг өөрчлөхийн төлөө зүтгэх хэрэгтэй байх. Мэдээж энэ бол цаг хугацаа шаардсан зүйл. Иргэн өөрөө баян байх ёстой гэсэн үзэл цаг хугацаа өнгөрөх тусам хүчирхэгжинэ гэдэгт итгэлтэй байна.
–Та бол хоосон ярих бус ажил, үйлдлээрээ үлгэрлэж яваа залуусын нэг. Өөрөөр хэлбэл, төрөөс баян иргэн болох зорилгодоо алхам алхмаар ойртож яваа залуу гэж боддог?
-Миний бодлоор бид бол Монголын сүүлийн 400 жилд байгаагүй хамгийн азтай үеийнхэн. Учир нь, бид чөлөөт нийгэмд, дайн байлдаангүй, гаднын ямар нэгэн улсаас хараат бус тусгаар тогтносон Монголын үед төрсөн. Хүссэн бүхнээ хийж болж байна. Чөлөөт нийгмийн буянаар л би өнөөдөр олон улсад загвар өмсөж, Америк компанийн дэлхий даяарх онлайн маркетингийг хариуцан ажиллаж байна шүү дээ. Мэдээлэл технологийн ачаар дэлхий гэдэг яг л нэг улс шиг болж. Энэ нь бидэнд маш том боломж өгч байгаа юм. Интернэт гэдэг зүйлийг дэлхийн хүн амын 50-иас илүү хувь нь хэрэглэж байна. Энэ тоо цаашдаа өснө үү гэхээс буурахгүй. Америк улс л гэхэд 2016 оны байдлаар 320 сая орчим хүн амтай байсан бөгөөд түүний 70 хувь нь онлайнаар худалдаа хийсэн байна. Монголчууд ардчилсан хувьсгал өрнөснөөс хойш гадны бараа бүтээгдэхүүнийг импортолж, бизнес хийдэг болсон. Энэ бол шилжилтийн нэг хэлбэр.
Дэлхий даяараа зөвхөн интернэт ашиглан худалдаа арилжаа, өөр бусад зүйлийг ч хийх боломжтой болсон гайхамшигтай цаг үед бид амьдарч байна. Энэ ч утгаараа одоо бид бүр том шилжилт хийх хэрэгтэй байна.
-Монголчууд хэдийгээр сошиал ертөнцөд тун идэвхтэй байгаа ч онлайн маркетингийн талаар тийм ч сайн мэдлэгтэй болж амжаагүй л байна?
-Дэлхий дээр онлайн маркетинг бизнесээр олон янзын аргаар мөнгө олж болж байна. Жишээлбэл, affiliate маркетинг, content маркетинг, paid ads гэх мэт. Affiliate гэдэг нь гаднын компаниуд юм бүтээдэг, түүнийг нь онлайнаар зарж өгөөд хувь хүртдэг, нэг ёсны өөрсдөө юм бүтээх шаардлагагүй маркетингийн ажиллагаа юм. Content маркетинг гэдэг нь та өөрийн гэсэн вэб сайтаа бий болгоод, гүүгл дээр их хайдаг сэдвийн талаар бичиж оруулаад, хүмүүс орж ирдэг болгож, түүн дээрээ баннер суурилуулан мөнгө олдог арга юм. Энэ бол ердөө л жишээ. Би Аffiliate, content маркетингаар өдөрт 500-1000$ олдог өчнөөн хүмүүсийг танина.
–Paid ads гэдэг нь ямар зарчмаар явагддаг юм бэ?
-Та нэг бизнестэй байлаа гэж бодъё. Таныг бизнесийн чиглэлээр google, yahoo энэ тэр дээр өчнөөн хүн хайдаг бол yahoo, google, facebook гэх мэтэд мөнгөө төлөөд өөрийнхөө сурталчилгааг гаргаж хэрэглэгч олдог ажиллагаа юм.
–Америк компанийн олон улсын онлайн маркетингийг хариуцан ажиллаж байна гэдгээ жаахан тодруулаач?
-Medical Departures компани Америкт дөрвөн жилийн өмнө байгуулагдсан компани бөгөөд улмаар Тайландад төв оффисоо нүүлгэн шилжүүлсэн. Одоогоор дэлхий даяар 65 ажилтантай, тэдгээрээс 30 нь Тайландад суурин ажилладгийн нэг нь би. Манай компани 100 хувь онлайн дата дээр суурилсан маркетинг хийдэг. Өмнөд Азийн долоон орон, америк тивийн гурван орны эмнэлгүүдтэй гэрээтэй ажилладаг. Аль ч улсын хүн Тайланд гоо сайхны хагалгаа гэж гүүгл юм уу, yahoo дээр хайлаа гэхэд манай компанийн зар сурталчилгаа гарч ирэх зарчмаар үйлчлүүлэгчдээ олдог юм.
Google, Facebook, Yahoo зэрэг нь дэлхий даяар олонд танигдсан жишээнүүд. Ийм төрлийн жижиг, том сайтууд мянгаад байна. Солонгост л гэхэд Nexon, Net Marble гэх тоглоомын апплейкшн хийдэг компаниуд нэг бүтээгдэхүүн гаргачихаад маркетингтаа 300,000$ зарцуулаад, дэлхий даяар гурван сая долларын ашиг олж байна шүү дээ.
-Тайландад нэлээд хэдэн жил ажиллаж, хэд хэдэн салбарт нь ажиллаж үзлээ. Монгол залуус, Тайланд залуус хоёрын хамгийн том ялгааг анзаарсан л байлгүй?
-Монголчууд уур омог ихтэйн дээр бусад үндэстнүүдийг дорд үздэг. Чингисийн нэрийг барьж өөрсдийгөө хамгийн шилдэг нь гэж сагсуурдаг. Магадгүй, гаднын хөрөнгө оруулагчид манайхаас зайгаа барьж эхэлсэн нь бусдыг дорд үзсэнтэй нь ч холбоотой байж магад. Уг нь, олон улсын компаниудаа аль болох татан оруулж ирж, түүнд нь нэг ч гэсэн монгол хүн ажиллаж байвал төрийн нуруун дээрх ачааг бага ч гэсэн хөнгөлөх юм болов уу.
Хамгийн гол нь, Чингис өнгөрсөнд байсан. Одоо бид ирээдүйгээ л харж амьдрах хэрэгтэй. Өнөөдөр ч дэлхийн олон оронд монголчуудыг мэддэг цөөхөн хүмүүсийн дийлэнх нь хөдөөний бүдүүлэг ард түмэн гэдгээр нь төсөөлж байна. Энэ бодлыг өөрчлөхийн тулд иргэн бүр өөрийнхөөрөө тэмцэх хэрэгтэй. Монгол залуусын сайн тал нь хүчтэй, бие даалт сайтай, IQ өндөртэй. Замаа олчихвол өндөр амжилтанд хүрч чадна гэдэгт би итгэдэг.
Харин тайландчууд монголчуудыг бодвол бие махбодийн хөгжил дорой ч уур бухимдал багатай. Бие даалт тааруу. Банкокт л гэхэд 20 сая орчим хүний бараг сая нь гадаад иргэд. Гаднын компаниуд ч асар олон. Энэ улс ингэж л гадныхныг татаж байна.
–Хүн өрсөлдөөний дундаас л хүчирхэгждэг. Гэтэл монгол залуусын дунд өрсөлдөөн бараг байхгүй болчихсон, өрсөлдлөө ч шударга өрсөлдөж чадахаа больчихсон юм шиг санагддаг. Таны нүдээр энэ бүхэн хэрхэн харагдаж байна вэ?
-Шударга өрсөлдөөн байхгүй гэж хэлэх нь ч бас хаашаа юм бэ. Мэдээж танил тал, арын хаалга, хээл хахууль гэх мэт зүйлс ажиглагдах нь их. Гэвч хичнээн том ар талтай байлаа гээд чадваргүй хүн унадаг л болов уу гэж боддог. Тиймээс ч хүнд амьдралын хар ухаан л чухал, танил тал гэдэг эерэгээрээ амьдралын ухаан шүү дээ. Би амжилтыг 50 хувь чадвар, 50 хувь танил тал, амьдралын ухаан гэж боддог. Намайг өдий зэрэгтэй явахад дээрх хоёр зүйл үр өгөөжөө өгсөн юм. Өөрөөр хэлбэл, би дан ганцаараа мундаг болохоороо загварын ертөнц болоод эзэмшсэн мэргэжлийнхээ салбарт амжилттай яваад байгаа юм биш ээ. Надад чадвар байсан, гэвч том ажил хийхийн тулд, танилын хүрээгээ тэлэхийн тулд нөлөө бүхий хүмүүсийг хоолонд оруулах, бэлэг өгөх гэх зэрэг зүйлс хийж л байсан. Мэдэж авах ёстой зүйлсээ заалгаж, суралцахын тулд тиймэрхүү аргуудаа одоо ч гэсэн хэрэглэж л байна. Хэн нэгэнтэй өөрөө эхэлж танилцах, түүнээс суралцахын тулд бага зэрэг тал засах зэрэг нь огтхон ч муу зүйл биш, амьдрах л ухаан шүү дээ.
-Монгол залуус цалин голоод, гэртээ ажилгүй суудаг гэх шүүмжлэлд хамгийн их өртдөг. Энэ талаарх бодлыг тань сонсмоор санагдлаа?
-Иргэний хариуцлагагүй байдал гэдэг чинь л энэ шүү дээ. Энгийнээр хэлэхэд, “өндөр цалинтай ажлын байр бий болгох”-ыг төрөөс шаардаж, өөрийнхөө ажилгүй байгаагийн бурууг төрд чихэж байна. Би ийм залуу хүмүүст хамгийн дургүй. “Чи төрийн төлөө амьдраад байгаа юм уу, эсвэл өөрийнхөө төлөө амьдраад байгаа юм уу” гэж асуумаар санагддаг. Төр таны хүссэн цалинг өгч чадахгүй байгаа юм бол “Би өөрөө их мөнгө олно, бусдыг ч хүссэн хэмжээгээр нь цалинжуулдаг болно” гэж бодож яагаад болохгүй гэж. Нэг ч гэсэн монгол хүн амьдралаа дээшлүүлж байвал төрийн нуруун дээрх ачаа л хөнгөрнө гэдгийг ойлгох хэрэгтэй.
Монгол хүн Microsoft, apple, facebook шиг агуу зүйл бүтээж чадах уу, чадна шүү дээ. Өөрийнхөө хүчинд итгэхгүй байгаа хэрнээ хулгайч, луйварчнаар нь цоллодог төрийн түшээдээ үүнийг өөрчилж чадна гэж итгээд байгааг л гайхдаг юм. Иргэн өөрөө бусад орны иргэн шиг агуу зүйл бүтээгээд, монголчуудаа ажлын байраар хангаж, гадаадаас асар их мөнгийг эх орон руугаа татаж болохгүй гэж. Энэ бүхэн боломжгүй зүйл огтхон ч биш шүү дээ.
-Ийм зүйл ярихаар манай залуус заавал нэг болохгүй шалтаг олоод л хэлчихнэ дээ.
-Би үнэндээ зарим залуусыг гайхдаг. Бид уг нь юуг л бол юуг сурч болдог цаг үед төрсөн хүмүүс шүү дээ. Бидний аав, ээжийн үед бол ном нь олдохгүй, нийгэм хаалттай гэх мэт хангалттай шалтагууд байсан. Гэтэл одоо хүн өөрөө хүсвэл интернэт ороод л “Хүнийг яаж 100 наслуулдаг болгох вэ?” гэдэг судалгаа шинжилгээг хийгээд эхэлж болно. Дэлхийн шилдэг багш нар, лекторууд, топ бизнесмэнүүд хичээлүүдээ 10, 20-хон доллараар зарж байна. Би амжилттай яваа хүмүүсийн хичээлүүдийг өдөр бүр онлайнаар авч үздэг.
Цаг хугацаа өнгөрөх тусам залуусын сэтгэлгээ ч нийгмээ дагаад өөрчлөгдөх байх. Google, Facebook гээд дэлхийд нэр хүндтэй компаниудад ажилладаг өчнөөн л мундаг залуус гарч ирж байна шүү дээ, чамлалтгүй. Цаашид улам л олон болно гэдэгт итгэлтэй байна.
–Жишээлбэл, танд маш том зорилго байна. Та энэ том зорилгоо хэзээ, хаанаас олж авсан бэ?
-Би Монголд байхдаа зорилгоо олж авсан. Би 16 настай дунд сургуулиа төгсөөд, ШУТИС-ийн компьютерын ангид орсон юм. Тэр үед онлайнаар яаж мөнгө олох вэ гэдгийг судалж эхэлсэн. Хайж, суралцсаны эцэст ямар ч байсан вэб сайт хийж чаддаг болвол зорилгодоо хүрэх сууриа тавих хэрэгтэй юм байна гэсэн дүгнэлтэнд хүрсэн. Тайландад ирээд ч үргэлжлүүлсэн.
-Зорилготой болсон үеэ зорилгоо хараахан тодорхойлж амжаагүй байсан үетэйгээ харьцуулахад хэр ялгаа гарч байна вэ?
-Хүүхэд байсан болохоор зорилго гэж боддоггүй байлаа. Их сургуульд ороод л боддог болсон. Зорилго минь л өнөөдрийн Билгүйтэйг бий болгож байгаа юм. Хамгийн том зорилгодоо өдөр өдрөөр, жил жилээр ойртсоор байгаадаа баяртай байна. Одоохондоо эхний шатанд нь ч хүрээгүй л явна, гэхдээ тун дөхөж байна.
-Хамгийн том зорилго нь юу юм бол?
-Тэр нууц.
-Үеийнхэндээ хэлмээр санагддаг зүйлс олон байдаг юм шиг санагддаг. Хэлэх гэсэн бүхнийг чинь асууж чадав уу, би?
-Иргэн хүн л Монгол Улсын ирээдүйг аварна шүү гэж залуустаа хэлмээр байна. Зөвхөн Монголдоо гэлгүй, интернэт гэдэг том боломжийг ашиглаж, дэлхийд өрсөлдье л дөө.
Жирийн хүн ч гэсэн интернэтээр ажил олж болно. Интернэт төрөл бүрийн ажлын санал бий, энгийн орчуулгын ажил хүртэл бий. Хайж олох л хэрэгтэй.
-Хаанаас, хэрхэн хайж олох вэ?
-Хамгийн энгийн нэгэн жишээ хэлж өгье. Хэрэв та интернэтээс ажил хайх гэж байгаа бол freelancer.com, upwork.com зэрэг сайтад олон улсын ажлын байрны зар олноороо байршдаг. Иймэрхүү сайтууд өч төчнөөн бий. Тэдгээрийн нэгэнд нь бүртгүүлж ороод, өөрт тохирох ажлаа хайж болно. data entry гээд энгийн вэб сайт руу материал оруулдаг ажил хүртэл байж л байдаг. Хэний ч хийж чадах ажлууд зөндөө бий.
Юуны өмнө гадаад хэл маш сайн сурах хэрэгтэй. Гадаад хэлтэй бол дэлхийн гурван тэрбум хүнтэй холбогдож болж байна. Америкийн зарим компаниудын дуудлагын төв нь филлиппинд байрлаж байна. Учир нь, тэнд үнэ хямд бас бүгд англи хэлийг сайн мэддэг. Англи хэлтэй бол бид филиппинчүүдтэй ч өрсөлдөж болно шүү дээ.
-Цаг гарган ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.
Ц.БАТТУЯА