Энэ арванхоёрдугаар сарын 29-нд 1911 оны Үндэсний хувьсгалын 111 жилийн ой тохиож буй. Энэ түүхт үйл явдлын талаар түүхэн баримтуудыг та бүхэнд цувралаар хүргэж байгаа билээ.
Энэ удаа Засгийн яамдыг сайдуудыг томилсон хийгээд хишиг тараах зарлигын тухай сонирхолтой түүх хүргэж байна.
-1911 оны өвөл цаг Халхын Жавзандамба ламаас Монгол улсын хааны ширээнд ёслон сууж олон ноёд ба ард нийтэд сануулга үгийг тэмдэглэн хэлж засгийн яамдын толгойлогч сайдуудыг томилон тавьж буулгасан хишиг тараах зарлиг-
Олноо өргөгдсөний тэргүүн он арван нэгэн сарын шинийн есөн.
Шашныг мандуулах амьтаныг жаргуулагч, Олноо өргөгдсөн Монгол улсын эзэн шашин төрийг хослон баригч наран гэрэлт Богд хааны зарлиг
Би олны өргөмжлөхийг хүлээж Монгол улсын хааны сууринд суусан нь бурханы шашиныг буман нараны гэрэл мэт хир үгүй мандуулан хаан төрийг Сүмбэр уул (1) мэт бат болгож олон Монгол албатыг үүрд энх түвшиний соёлд учируулахыг үргэлжид шамдан хичээхийн дээр ялангуяа танай олон хан ван ноёдоос дараалан түмэн албат хүртэл төв шударга хичээнгүй үнэнийг сүслэн эрхэмлэж бүгд нэгэн сэтгэлээр шашин төрд сайнаар зүтгэхийг тус тус ухуулан хишиг тараах зарлиг буулгасан нь:
Тулгур төр байгуулах тухайн хэрэгт онц хүчин зүтгэж явсан Түшээт хан аймгийн засаг хошой чин ван Ханддоржид үе улиран эрдэнэ дайчин цол, ханы ямба давхар пүнлүү шар хүрэм, улбар шар жолоо, нэгэн үед ногоон жууз шагнаж, Шадар сайд, Бүгд захирах сайд, Гадаадын хэргийг бүгд захиран шийтгэгч яамны тэргүүн сайдын тушаалд тохоон талбигтун.
Хүрээний да лам Цэрэнчимэдэд чин сүжигт цол, гурван давхар магнаг дэвсгэр түшлэг ширээ, улбар шар жолоо ногоон тэрэг, чин вангийн пүнлүү үүрд хөрөнгөнөөс албан гаргуулах үгүй болгон Шадар сайд, Бүгд захирах сайд, Дотоод яамны хэргийг бүгд захиран шийтгэгч яамны тэргүүн сайдын тушаалд тохоон талбигтун. Мөн тус шавийн харьяат эл албан хэргийг хавсарган шийтгүүлэгтүн.
Харчин ван Гүнсэнноровын хошууны дэд зэргэ түшмэл Хайсанд үе улиран чин зүтгэлт цол улсад туслагч гүн, отго, хүрэн жолоо, жич халхын дотор улаа шагнаж Дотоод яамны дэс түшмэлийн тушаалд тохоон талбигтун.
Үнэн санаагаар чармайн зүтгэсэн Сэцэн хан аймгийн Засаг хошууны бэйс Гомбосүрэнд үе улиран эрдэнэ далай цол төрийн жун ван улбар шар жолоо шагнаж Шадар сайд, Бүгд захирах сайд, Цэргийн хэргийг бүгд эрхлэн шийтгэгч яамны тэргүүн сайдын тушаалд тохоон талбигтун.
Түшээт хан аймгийн засаг улсын түшээ гүн Чагдаржавт үе улиран түшээт цол төрийн жун ван улбар шар жолоо шагнаж Шадар сайд, Бүгдийг захирах сайд, Сангийн хамаг хэргийг бүгд захиран шийтгэгч яамны тэргүүн сайдын тушаалд тохоон талбигтун.
Мөн аймгийн гүнгийн зэргэ засаг тэргүүн зэргэ тайж Намсрайд үе улиран эрдэнэ цол төрийн жун ван улбар шар жолоо шагнаж Шадар сайд, Бүгд захирах сайд, Шүүх таслах хэргийг бүгд захиран шийтгэгч яамны тэргүүн сайдын тушаалд тохоон талбигтун.
Түшээт хан Дашнямд үе улиран ногоон жууз шар хүрэм улбар шар жолоо очир бат сайн цол шагнан
Сэцэн хан Навааннэрэнд үе улиран ногоон жууз шар хүрэм, улбар шар жолоо махасамади далай сэцэн цол шагнан
Засагт хан Содномравданд үе улиран ногоон жууз шар хүрэм улбар шар жолоо эрдэнэ бишрэлт цол шагнан
Сайн ноён Намнансүрэнд үе улиран ногоон жууз шар хүрэм улбар шар жолоо итгэмжит эетэй эрх дайчин цол шагнан бас Шадар сайд болгогтун.
Жич дөрвөн ханд аливаа яам ихээхэн хэргийг эрхбиш сонсгон зөвлөмүй. Энэ дөрвөн хан дөрвүүлээ Хүрээний газар сууваас цөм нэгэн адил сонсговоос зохимой. Хэрэв хөдөө одох болбоос эрхбиш нэгэн хүн албан хүлээж суугтун хэмээжээ.
Төрийн соёрхолт, түүхийн шинжлэх ухааны доктор О.Батсайхан