Хазгар хүргэн хадамсаг гэж энэ үг хаанаас гарсан юм болоо? Заа яадгийм, хадмаа магтанаа. Хадмындаа амьдардаг байлаа. Эхнэр маань анагаахын оюутан, би гагнуур, төмөр сараалж хийдэг машин засдаг тостой хутгалдсан баагий, хадам аав, ээж маань жирийн л нэг тэтгэврийн хөгшчүүл. Намайг хайрлана гэж жигтэйхэн. Хадам ээж маань хоол өгөхдөө хамаг л махыг нь надад аягална. Хадам аав маань надад мах ирэхээ байлаа гээд инээдэгсэн. Ээж маань хүнд ажил хийж байгаа юм, зайлуул гээд л өмөөрнө.
Хэ хэ, залуу ч байж дээ. Хүнээс 1000 доллар зээлээд гагнуурын аппарат бас бус юм авчихсан, ажил орж ирэхгүй чүү чамай л гэж хүүгээ өгнө. Тэр нэгэн өдөр ажлаа тараад гэртээ иртэл галын өрөөнд жирэмсэн эхнэр маань уйлчихсан хадам аав маань "хүү минь өртэй юм бол тэр мянган доллар моллорт нь таарах юм байдаг бол ачаад аваад яв" гэчихсэн зогсож байдгийм. Нөгөө мөнгө зээлүүлсэн залуугийн эгч нь гээд гурван бүдүүн авгай ороод ирчихсэн, даналзаж байнаа. Би ч хэллээ, "хүү мүүгээ цаг тухайд нь өгөөд яваа шүү дээ, юу болоо вэ?" гэсэн чинь "Тэр ямар хамаатай юм бэ, нөгөөдөр бид нар хойшоо явна. Мөнгө өгөөдөх" гэж чарлаад аймаар юм боловоо.
Нөгөө өрөөнд хадам ээж маань хоёр чихээ дараад сууж байсансан. Ёооё, ямар өрөвдөлтөй харагдсан гэж бодноо. Би ч хэллээ, "Ямар юм үзээгүй хүмүүс вэ, та нар чинь. Урьдчилж хэлж болно доо. Хүн хэлээрээ, мал хөлөөрөө гэдэгсэн. Ммар юмандаа чарлаад байгаа юм. Маргааш аваачаад өгье" гээд хэлээд тавьчихлаа. Хаанаас ч олж өгөх гэж байгаа юм, зайлуул. Нөгөө хэд ч гарын үсгээ зур, за яг маг шүү гээд гараад явлаа.
Хоёр хөгшин юм хэлсэнгүй, өрөө рүүгээ орсон. Эхнэр маань чи ийм их өртэйгөө хэлэхгүй яасын бэ, би айл андуурлаа л гэж бодсон шүү дээ, чиний нэрийг хэлээд гээд санаа алдаад, "одоо яахав?" гэсэнсэн. Уул нь удахгүй ажил орж ирээд өгчихнө гэж бодож байсан юмаа. Чамд хэлж санааг чинь зовоогоод юу хийх вэ гэж бодоод л хэлээгүй юм. Найз нь аргалчихнаа, чи тайвшир гээд л унтуулчихаад галын өрөөнд мөн ч их юм бодож суулаа. Байгаа байдлаа, эднийгээ ингэж зовоох ч гэж дээ гээд өөрийгөө зүхлээ.Үе үе ээж маань "миний хүү унтаа" гэх юм. Би ямар ч гарц олсонгүй шөнийг өнгөрөөлөө.
Өглөө эхнэр маань хичээлдээ явсан. Би ч босоод цайгаа уугаад сууж байтал хадам аав, ээж маань дуудаж байна. Би өрөөнд нь яваад ортол авдраа ухаад бор даавуунд боосон юм гаргаж ирээд, "хүү минь уг нь аав ээж нь гурван хүүхэддээ үлдээнэ гэж бодож байсан юм. Энэ миний ааваас дамжиж ирсэн хэт хутга хоёр ширхэг мөнгөн аяга, сүүжин алтан ээмэг. Байгаа нь л энэ байна. Эхнэрийн чинь эгч, дүү нар ойлгоноо, үүнийг зараад өрөө өг дөө, хүү минь" гээд өгөхдөө аавынхаа үе дамжсан үнэт зүйлээ хоёр гардан бариад өгсөнсөн. Тэгсэн яасан? Ах Данзан "заа" гээд шагнал авч байгаа юм шиг авчихаж байгаа юм. Үнэн тэнэг толгой шүү.
Заа тэгээд, ах өвөртлөөд гарлаа. Замдаа бодлоо. Яав ч үүнийг зарж болохгүй, чи ийм дээрээ туллаа гэж үү гээд л... За яах вэ, яах вэ... Хүн болгоны таньдаг мэддэг дуучин эгч дээрээ очоод үнэнээ хэлээд бүгдийг нь барьцаанд тавиад 2000 доллар 20 хувийн хүүтэй зээллээ. Орой нь өрөө өгөөд, гурав хоногийн дараа наймааны замд эргэлт буцалтгүй орсон доо. Энэ хугацаанд хадам аав ээж эхнэр маань нэг ч удаа үнэт эдлэлээ дурссангүй.
Хоёр сарын дараа өрөө өгөөд, нөгөө юмаа аваад гэртээ ирлээ. Ооё, бүх өрөө дарчихлаа, одоо өргүй болсон гээд бяцхан баяр болоод, аав ээж сайн байна миний хүү гээл намайг магтаад л, хэхэ. Нөгөөдхөө хэлээгүй юм чинь эхнэр ч мэдээгүй байсан. Сэмээрхэн авдар дээр нь нөгөөдүүлээ өрөөд тавьчихлаа. Манай хоёр өрөөндөө ордоггүй ээ. Би яараад байдаг. Тэгсэн чинь хадам аав маань ороод чимээгүй болчихов... Араас нь орсон чинь хадам аав аавынхаа хэт хутгыг элгэндээ тэврээд ам нь өмөлзөж "миний хүү" гэж зангираад нулимсаа арчихад нь би тэвэрлээ. Бодвол аав нь нүдэнд нь харагдсан байх даа, зайлуул. Энгэрт минь наалдаад хүүхэд шиг уртаар санаа алдаж билээ. "Та хоёртоо маш их баярлалаа, хүү нь ингэсэн юмаа, одоо бүгд сайхан болноо" гэж билээ.
Би азтай хүргээн. Хүний орчлонд хадмууд нэг л нэр муутай, кино жүжигт, тэр байтугай бидний дундах яриа хөөрөөнд төвөгтэй, эсрэг талын баатар, буруутан болох жишээтэй. Амьдрал дээр өөр шүү дээ. Миний аав ээж эхнэрийн маань хадам, эхнэрийн маань аав ээж миний хадам. Их л ойрын хүмүүс. Хэн нэгнээ илүү дутуу харвал аянга буух мэт хагарал үүснэ.
Ная дөхөөд уймраа болсон хадам ээжтэйгээ орон гэрт нь амьдарч байгаа хэрнээ ач тач хэрэлдэж байгаа бэрүүдийг харах, даль жигүүр нь ургаж, хөлөө дөнгөн данган олж байгаа хүргэн бэрүүдээ өөрийхөө хүүхдээс дутуу үзэн гоочилж, үнэн үг хэлсэн хүүхдээ "хуруу хумсаа хугалан байж өдий насанд чинь өсгөлөө, ингэж тус хариулдаг юм уу" гэж нам таглах хүргэн бэртэйгээ арцалдах аав ээжийг харахад нэг л уйтай. "Хүүгээ хайрлая гэвэл бэрээ хайрла, охиноо хайрлая гэвэл хүргэнээ хайрла" гэдэг дээ, манай монголчууд. Энэ их танай, манай гэсэн талцлын "бул чулуу"-г өөрсдөө өмнөө өрөөд, түүнийгээ давах гэж бүдэрсээр л явах юм даа.
Өөрсдөөсөө эхлэе, бие биенээ хайрлаж хүндэлье, эвтэй байя. Айл өрх болгон улс орны маань тулгуур багана гэдгийг битгий мартаарай. Хэрүүл хийвэл хэрүүл л ирнэ, тус хийвэл тус л ирнэ, хайрлавал хайр ирнэ, халамжилвал халамж л ирнэ. Юу хийж үйлдэнэ, тэр л чамд ирнэ. Их энгийн ойлголт. Хариу нэхвэл бүгд үгүй болно. Өөрөө биш юмаа гэхэд өрөөлөөр ирдэг, өгөх авахын хорвоо шүү. Зүгээр л эргэн тойрон байгаа дотно хүнээ хайрлан хамгаалъя, хар буруу саналгүй, хүний үгээр биш сэтгэл зүрхээрээ амьдарья, танай манай, нутаг ус, дов жалга, нам үзэл бодлоор талцахаа больё. Гадныхан биднийг Монгол хүн л гэж нийтэд нь харна шүү дээ.
Н.Чимэд-Очир