ОУВХ-ны эрэгтэйчүүдийн клубуудын ДАШТ энэ сарын 18-23-ны өдрүүдэд Бразилын Бетим хотноо зохиогдож байна. 12 дахь удаагийн дэлхийн аваргын тэмцэээнд 5 тивийн шилдэг 8 баг чансаагаараа 2 хэсэгт хуваагдан өрсөлдөж байна.
"А" хэсэгт:
-Египтийн "Tala'ea El-Gaish" клуб - 2016 оны Африк тивийн аварга
-Хятадын Тайванийн "Taichung Bank" клуб - 2015 оны Ази тивийн аварга
-ОХУ-ын "Zenit Kazan" клуб - 2016 оны Европ тивийн аварга
-Бразилийн "Sada Cruzeiro" клуб - 2016 оны Америк тивийн аварга
"В" хэсэгт:
-Аргентинийн "Personal Bolívar" клуб
-Аргентинийн "UPCN San Juan" клуб
-Бразилын "Minas Tênis" клуб
-Италийн "Trentino Diatec" клуб
Энэ өдөр тэмцээний “В” хэсэгт багтсан Аргентины “Personal Bolívar” болон “UPCN San Juan” багууд хэсгийн ээлжит тоглолтоо хийлээ. Аргентины 6 удаагийн аварга “Bolívar” клуб энэ өдөр 3:1-ийн харьцаатай 4 үеийн тоглолтод өрсөлдөгчөө хожжээ. Эхний үед “Bolívar” 33:31-ийн харьцаатай хожсон бол 2 дугаар үед “San Juan” клуб 22:25 -аар хожсон. Улмаар "Bolívar"-ийн залуус 3, 4-ээр үед 30:28, 27:25-ын харьцаатай хожсоноор тэмцээний эхний тоглолтдоо яллаа. Тэд дараагийн тоглолтоо Италийн "Trentino Diatec" клубтэй хийх юм.
Бразилын Бетим хотноо 3 дахь удаагаа зохиогдож байгаа Клубуудын ДАШТ-д зохион байгуулагч Бразил улсын 2 клуб оролцож байна. "В" хэсэгт багтсан "Minas Tênis" клуб 2 дахь тоглолтоо Италийн "Trentino Diatec"-ийн эсрэг хийлээ. "Trentino" клуб энэ тэмцээнд 2009-12 оны хооронд 4 жил дараалан түрүүлсэн амжилттай. Италийн лигийн 4 удаагийн аварга "Trentino" энэ удаад өрсөлдөгчөө төвөггүйхэн буулган авсан. Тэд 25:23, 25:19, 25:23-ын харьцаатай 3 үеийн тоглолтод өрсөлдөгчөө хожсон юм.
Ингэснээр Италийн баг "В" хэсгийг 3 оноотойгоор тэргүүлж эхэллээ. Харин Бразилын "Minas Tênis" клуб эхний 2 тоглолтдоо дараалан хожигдсоноор энэ хэсгээс цааш шалгарахад тун хүнд боллоо.