Христийн шашны номлогч Жэймс Гилмор 1876 онд Монгол Улсаар аялж, шажнаа түгээж явсан тухайгаа бичсэн энэхүү номоо 1883 онд Лондон хотноо хэвлүүлжээ. Өрнөдийн уншигчдын сонирхлыг ихээр татаж байсан энэхүү номын зохиогчийн Монголоор хөндлөн гулд туулж явсан тэртээх оноос яг 140 жилийн дараа эгэл жирийн нэгэн уншигч би вээр унших суухнээ сонин сайхан санагдах ажгуу. 1900-гаад оноос хойших дурдатгал номууд цөөнгүй. Саяхан миний блог уншигчид "Явна аа!" болон "Эртний хүний мөрөөр" зэргээс 1920-иод оны Монголын аж байдал, хүн зоны тухай уншиж мэдсэн. Харин "Монголчуудын дунд" номыг өдгөө БНЭУ-д Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар сууж байгаа Г.Ганболд гуай 2013 онд орчуулжээ. Өөрийнх яриагаар бол Лондон дахь ЭСЯ-нд сууж байхдаа хуучин номын худалдаанаас "Among the Mongols" хэмээх номыг олсон нь "Монголчуудын дунд" юм.
Жэймс Гилмор гэж хэн бэ? Хувь хүнийхээ талаас өөрийн талаар юу ч дурдаагүй. Христийн үнэн итгэлт шавийн тул Буддын шашинт Монгол Улсыг сонгон авч сургааль номлол сурталчлан дэлгэрүүлэх зорилгоор иржээ. Оросын Буриадад "Шинэ гэрээ" судар буриадаар орчуулагдсан байсан нь түүний гол гарын авлага болж байж. Буриадаас орчуулах ажлыг мөн л англи хүн гүйцэтгэсэн ба 1817 онд Англиас ирсэн нэгэн гэгээнтэн төлөөлөгчийн газраа Сэлэнгийск хотноо байгуулснаар энэ бүхэн эхэлж байсан юмсанж. Буриад хэлнээ хөрвүүлэгдсэн "Шинэ гэрээ" нь Монголд өргөн хүрээтэй тараагдсан байжээ. Жэймс Гилмор "гадаад ном байгаа" гэх хүнийг заалгаж очиход энэ судар байдаг байсан хэмээж.
Гилморын эхний аялал Хятадын хойд хилийн Хаалган хотоос, Монголын хойд хилийн Хиагт хүрч байсан бол монголчуудыг татахын тулд Хятад руу буцан, нэг авдар эм олж аван, хэрхэн хэрэглэх талаар сурч мэдэн буцаж ирсэн байдаг. Монголчуудын дунд өвчлөл их байгаа нь түүнийг ийм зүйл сэдэхэд хүргэсэн ба эмчлүүлэхээр ирсэн хүмүүст Шинэ гэрээний талаар болон Есүс Христийн тухай ярина гэж тооцдог. Тооцоо ч мэдээж зөв болно. Хүмүүс сургаалыг сонирхож сонсож, асууж лавлаж байсан ч түүнийг Монголд байх хугацаанд (хоёр зун) нэг ч Христийн шашинт монгол хүн таараагүй, өөрөө нэг ч хүн усан баталгаа буюу шашиндаа дагаар оруулж чадаагүй байна.
Түүний аялалд Монголын нэр нөлөө бүхий хүн гарахгүй. Учир нь тэр тэдэнтэй уулзахаас зайлсхийж, уулзвал өөрийнх нь шашин номын ажилд саад болно гэж үзэж байсантай холбоотой.
Гилморыг Өргөөд ирэхэд тус хотын зүүн талд 5000 хүн амтай хятад наймаачдын суурин байжээ. Хятадуудыг эхнэр хүүхдээ авчрахыг хориглосон байдаг тул тэдний дийлэнх нь тав, арван жил болоод нутгаадаа буцдаг байж. Саяхнаас хятад гуулин зоосыг худалдаанд хэрэглэж эхлээд байсан гэж номлогч бичжээ. Харин Өргөө дахь монголчууд хятадуудаас нэг юм уу, хоёр мянгаар олон байжээ.
Өргөө хот гуйлгачингаар хахсан газар. Хуучин эсгийний өөдөс, нэхийний тамтгаар биеэ хучих төдий хэвтэх гуйлгачдын тоо өдрөөс өдөрт цөөрнө. Үхсэн нэгнийхээ өөдөс, тамтгийг нөгөө нь авч суурийг нь эзэлж, бүгд хэзээ өөд болохоо хүлээж хэвтэнэ. Нас барсан хүмүүсийн цогцсыг хол зөөдөггүй байж. Махчин амьтдын шүдэнд өртсөн хохимой толгойнууд Оросын Консулын ойролцоох жалганд бороо усанд идэгдэн хэвтэнэ. "Богдын хүрээ бол энэ орны бузар булай бүхэн нэвчсэн газар" гэж Гилмор бичсэн байна.
Монголчуудын хувьд ариун дагшин газар нь Утай. Хятадын Шаньси мужид орших энэхүү ууланд очиж нэг удаа мөргөвөл хойдын нэг насны амьдрал, хоёр удаа очиход хойдын хоёр насны амьдрал, гурав дахь удаад хойдын гурван насны амьдрал аз жаргалаар дүүрэн байна гэж итгэнэ, зорино. Монголчууд ийн зорихын сацуу Утай дахь сүм хэд хэдэн лам нараас бүрдсэн өргөл барьц цуглуулах хэсгийг жил бүр Монгол руу илгээнэ. Тэд сүсэгтнүүдээс асар их мөнгө цуглуулж, мал сүрэг авснаа туугаад харьдаг байжээ.
Жэймс Гилморын хувьд Буддын шашин, лам нарын тухай таагүй бодолтой байснаа илэн далангүй бичиж. Тухайн үеийн лам нар тийм ч байсан юм болов уу даа. Нөгөө талаар Христийн шашин дэлгэрүүлж яваа хүн "өрсөлдөгчдийнхөө" тухай сайнаар бодох нь нэг талаар боломжгүй ч байсан байх аа даа. Гэхдээ Буддын шашин Монголд дэлгэрэхээс өмнө тавин нас хүрэхэд эхийгээ цааш нь харуулдаг бурангуй хоцрогдсон зан үйл устсан хэмээн ярьж байжээ.
"Монголчуудыг эмчлэв" хэмээх бүлэгт монголчууд өвчин эмгэгийг анагаах ажил үйлийг уншлага мөргөлөөс үл салгадаг учир энгийн хүнийг бодвол оточ лам нар нэр хүндтэй гэжээ. Монголчууд эмийг хичнээн тунгаар уухад ч бэлэн, эмийг гашуун амттай тусмаа анагаах чанар нь илүү гэж үздэг. Бас нэг чухалчлан дагадаг зүйл нь рашаан эмчилгээ. "Энэ болхи бүдүүлэг усан эмчилгээ зарим өвчтөнд ашиг тусгүй боловч ашиг тустай гэж олон хүн итгэдэг нь тэдний олонх бохироос үүдэлтэй арьс өнгөний халдварт өвчтэй, өвчин нь хүндэрсэн явдгаас" үүдэлтэй байжээ. Өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар монголчууд мэдлэг бараг үгүй. Арьс өнгөний өвчнөөс сэргийлэхийн тулд усанд орох хэрэгтэй гэж хэлбэл "энэ эмч чадал муутай юм байна" гэж бодно. Эсвэл эмийн үйлчлэл муу гэдгийг эмч өөрөө хүлээн зөвшөөрчихлөө гэж ярьдаг талаар нь Гилмор харамсангуй өгүүлжээ.
Мөн Христийн номлолыг түгээхийн тулд ямар ч ацаг хөлс авахгүйгээр хүн эмчилж явааг нь ойлгохгүй. Заавал ямар нэгэн ашиг харж байгаа гэж бодон байн байн асууна. Өглөө ургах нарыг харахаар уул явдгийг нь "ямар нэгэн эрдэнэсийн зүйл хайж явдаг" мэтээр ярьснаас хойш өглөө алхахаа болино. Юм тэмдэглээд эхлэнгүүт "тагнуулын үйл ажиллагаа явуулж байна" гэж сэрдээд унадгаас нь болоод монголчуудын дэргэд юм хум бичиж тэмдэглэхээ болино. Нэг удаа мориор гарч яваад очих айлдаа нар шингэхийн хэрд очсонд "харанхуй шөнөөр эрдэнэс хайж яваа" хэмээн ярьсан байдаг.
Монголд нийтлэг гардаг нэг өвчин бол хамуу. Монголчууд хувцсаа хааяа сольдог (хагас жил өмссөн цамцтайгаа байх нь энүүхэнд), ус их хэрэглэвэл хойд насандаа загас жараахай болж төрнө гэдэгт итгэдэг (усанд орвол буян арилна гэж үзэж байсан). Нэг гэрт олон хүн амьдардаг болохоор нэг нь хамуу тусвал бусдадаа амархан халдаадаг. Замын хүн хоновол түүнд бас халдана. Мөн хар халуунд үстэй дээл өмсөж явах, бага залуудаа нимгэн хучлагатай унтах сайн хэмээн үздэгээс хэрх өвчинд ээрэгдэж зовно. Архи их уудгаас хоол орохгүй, орсон ч эргээд гардаг "нарийнтах" өвчнөөр зовно.
Монголчууд хоногт ганц л удаа угаал үйлдэнэ. Тэр угаал гэдэг нь модон тагшинд ус дүүргэх, эсвэл амандаа балгаад гар дээрээ асгах юм. Гараа угаагаад эрчүүл нь цамцаараа нүүрээ арчина. Ихэвчлэн охид бүсгүйчүүдийн хэрэглэдэг гар арчих нэгэн арга бол нүүрээ угаасны дараа алгуурхнаар гараараа доош шувтран илж, гарынхаа алгыг амныхаа хавьд ирмэгц түүнд тогтсон усыг сорох юм. Хонь малд явж байгаад бороонд цохиулах, гол усанд унахаас бусдаар хөлөө угаадаггүй, усанд орохгүй.
Монгол бүсгүйчүүд бахим чийрэг, хөл гар чангатай, хөдөлмөрч боловч тэднийг гэрийн гадаа уяатай байгаа нохой шиг бодож, харилцдаг. Гэрт бол чийгтэй газар суухад элэгдэж муудсан адсага л оногдоно. Эмэгтэйчүүд нь эрчүүдээс илүү зовж, эрт өтөлж, урьтаж нас нөгчдөг нь Гилморын сэтгэлийг эмзэглүүлж байжээ.
"Сэрэлт" уран сайхны кинон дээр гардагчлан бие өвдвөл эмчийг зорьж, эм уухаасаа урьд уншлага мөргөл үйлдвэл өвчин зовлонгоос ангижирна гэж итгэнэ. Бага зэрэг өвдсөн үедээ гэртээ лам залж ном уншуулна. Лам нар ч "санаа зовох зүйлгүй, тан буцалгаж уу, сайн залбирч мөргө" гэж байнга хэлнэ. Хөлгүй болчихсон хүнд хэдэн зуун бээрт газарт мөргөлөөр яв гэж хэлнэ. "Яагаад ийм өвчин тусав?" гэж асуувал од эрхэс, тэнгэрийн заадсын байршил гэхчлэн мухар сүсгийн хариу хэлнэ. Багадаа газар сэндийлж ухдаг, уулын мод бутыг зулгаадаг байснаас өвчин туссан гэж ярьсан хүнтэй ч таарч байж. Эмчид үзүүлбэл эмчид үзүүлэх тавилантай байжээ, хэрэв эдгэвэл мөргөл хийж, уншлага үйлдсэний ач гэж үзнэ. Эмчид үзүүлэхдээ баруун гар сунгаж, судаа бариулах гэнэ. Хэрэв тэрийг нь бариад зүүн гарынхыг нь барихгүй бол "чадалгүй хүн"-д тооцно, итгэхгүй.
Эм уухдаа эмийн зааврыг баримтална гэж үгүй. Огт судас бариагүй гадаад эмчийн эмийг уух хэрэггүй гэх юм уулгүй орхино. Нэг удаа "жаахан хүүхэд эм сонирхоод уусан" нэг тохиолдол гарсан. Тэгэхэд нэгэн авгай амьсгаадаж ирээд "Дээрхийн адил шилтэй эмийг үлдэгдлийг амсаж үзсэн тэр айлынхан одоо бүгд хордож үхэх үү?" гэж асууж байв. Тэрчлэн ухаантай болгох, тарган болгох, мэдрэлийн өвчнийг анагаах, архи, тамхинаас гаргах, өлсдөггүй, цай уудаггүй болгох, хүчтэй болж биеийн тамирын дасгал хийдэг болгох, ихэнх эрчүүд сахал ургуулах, эр, эм, хөгшин залуугүй бүгд гадаадынхан шиг цайвар цагаан царайтай болох гэхчлэн утгагүй, инээд хүрмээр, боломжгүй эмчилгээг хийлгэхийг хүсэж байжээ.
Итгэмтгий хүмүүс. Шүдний өнгийг насан туршид хадгалдаг, биеийн өвчтэй хэсгийг олоод анагаадаг гэх наалтыг хятадууд зарахад хошуураад л авцгаана. Нохойд хазуулсан хүн нохойн үсээр үрвэл шарх нь эдгэнэ гэж үзнэ (бидний багад бас ингэдэг байв).
Монголчууд хятад мөнгөн тэмдэгтийг хэрэглэдэг бөгөөд өмнө зүгийн нутгуудаар хунз цай, зэс зоос, цалин цагаан мөнгийг, Өргөөд дугуй булантай цай болон мөнгийг гүйлгээнд ашигладаг. Хөдөө нутагт зэс зоос ховор үзэгдэнэ. Жижиг бараа худалдан авахад үнийг мөнгөөр тооцох авч төлбөрийг арьс нэхий, цагаан идээгээр хийнэ. Бараанд тогтсон үнэ байхгүй. Үнэ хаялцана. Энэ нь амаргүй байдлыг үүсгэнэ. Эхлээд мөнгөний чанарын талаар, дараа нь хэрэглэсэн туухайнуудын хүндийн жингийн тухай маргана.
Эх сурвалж: www.amartuvshind.blogspot.com