Зуны XXXI дэх олимпийн наадам Бразилын Рио де Жанейро хотноо ирэх 8 дугаар сарын 5-21-ний өдрүүдэд болох билээ. Тэгвэл манай улсад өнгөрөгч амралтын өдрүүдэд олимпийн наадамд өндөр амжилт үзүүлдэг жүдо, чөлөөт бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээн болж, олны анхааралд байлаа. Тэр дундаа улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн тамирчид олимпийн эрх олгох, олимпод өрсөлдөх баг тамирчдын сонгон шалгаруулалт болж байгаа гэдгээрээ ихээхэн онцлогтой байсан юм.
Ингээд манай улс Рио де Жанейрод болох олимпийн наадамд оролцох эрхээ авсан тамирчид болон цаашид хэдэн эрх авах боломжтой байгаа талаарх мэдээллийг хүргэж байна.
Одоогоор манай баг тамирчдаас чөлөөт бөх 6, хөнгөн атлетик 4, буудлага 3, байт харваагаас 1 эрх аваад байгаа бол паралимпийн 5 тамирчин Риог зорих эрхтэй болоод байна.
Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа "РИО-2016" Олимпийн наадамд орох Монголын тамирчдын анхны эрхийг 2015 оны 4 дүгээр сард буудлагын "Дэлхийн цом"-ын 25 метрийн спорт гар бууны төрөлд түрүүлснээр авчирч байсан юм. Тэгвэл хамгийн сүүлд энэ оны эхэнд марафоны гурван тамирчин олимпийн эрхийн нормативыг дахин баталгажуулсан.
Одоо хэдэн эрх нэмэгдэж хичнээн эрхийн тэмцээн болох вэ?
Энэ сараас эхлэн манай баг тамирчид олимпийн эрх олгох тэмцээнүүдэд оролцож эхэлнэ. Хамгийн эхний тэмцээнийг буудлагын тамирчид энэ сард эхлүүлэх гэж байна. Ингээд дахин эрх авах боломжтой тэмцээний мэдээллийг хүргэж байна.
Буудлага: (Одоогоор 3 эрхтэй бөгөөд сүүлийн эрхийн тэмцээнд энэ сард оролцоно)
Энэ сарын сүүлээр буудлагын баг тамирчдын хувьд олимпийн эрх олгох сүүлийн тэмцээнд оролцоно. Энэтхэгийн Дели хотноо болох Ази тивийн сүүлийн эрхийн тэмцээн 1 дүгээр сарын 25-наас хоёрдугаар сарын 2-ны хооронд болно. Энэхүү тэмцээнд манай урт бууны эрэгтэй, эмэгтэй, гар бууны эрэгтэй баг бүтэн багаараа оролцох бөгөөд дасгалаасаа хамаараад 1-2 эрх өгнө.
I.25-II.02 Энэтхэгийн Дели – Азийн тивийн сүүлийн эрхийн тэмцээн
Чөлөөт бөх: (Одоогоор эрэгтэй 4, эмэгтэй 2 эрхтэй)
-“Лондон-2012” олимпийн наадамд эрэгтэй 4, эмэгтэй 4 тамирчин оролцож байсан чөлөөтийнхөн одоогоор 6 эрхтэй байна. Тэдний хувьд одоо олимпийн эрх олгох хоёр тэмцээнд оролцоно.
-3 сард Казахстанд болох Ази тивийн сонгон шалгаруулах тэмцээн
-4 сарын 22-24-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо болох Олимпийн эрх олгох сүүлийн тэмцээн хүлээж байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд УАШТ-ээ зохион байгуулсан чөлөөт бөхийн холбоо олимпийн үлдсэн 6 эрхийг авахын төлөө хүчин зүтгэж байна.
Марафон: Одоогоор эрэгтэй 2, эмэгтэй 2 тамирчин эрхийн нормативыг биелүүлсэн бөгөөд дахин 2 тамирчин нэмэгдэх боломжтой.
Бокс: Одоогоор эрх аваагүй ч эрхийн гурван тэмцээн хүлээж байна.
-3 дугаар сарын 23-наас дөрөвдүгээр сарын 3-ны хооронд БНХАУ-ын Чянь-Ань хотод болох Азийн болон далайн бүсийн орнуудын тэмцээн. Энэхүү тэмцээнд эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа оролцох бөгөөд жин тус бүрийн эхний 2-т орсон тамирчид.
-5 сард Казахстан улсад болох эмэгтэйчүүдийн ДАШТ. Тус тэмцээний жин тус бүрийн эхний дөрөвт орсон тамирчид,
-6 сарын эхээр Азарбайжаны нийслэл Бакуд болох Олон улсын тэмцээн. Эрэгтэй боксчдын хувьд сүүлийн олимпийн эрх авах тэмцээн бөгөөд жин тус бүрийн эхний хоёрт орсон тамирчид “РИО-2016”-д оролцох боломж нээгдэнэ.
Хүндийн өргөлт: Одоогоор эрх аваагүй ч эрхийн нэг тэмцээн хүлээж байна.
Ирэх дөрөвдүгээр сарын 20-28-ны өдрүүдэд Узбекстаны Ташкент хотноо болох насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс эрэгтэй, эмэгтэй баг олимпийн нэг эрхийг авах боломжтой. Учир нь өнгөрсөн оны ДАШТ-ээс Азийн 14 орон олимпийн эрхээ авсны дотор БНХАУ, БНАСАУ, Казахтсан, Тайланд улсын баг бүтэн багаараа “РИО”-г зорих боломжтой болсон юм. Тиймээс манай баг тамирчдын хувьд Ташкентад болох тэмцээнээс эрэгтэй, эмэгтэй тус бүр 1 эрх авах боломж байгаа.
Мөн Рио де Жанейро хотноо IX дүгээр сарын 7-18-ны өдрүүдэд паралимп болох бөгөөд манай улсаас одоогоор дараах тамирчид эрхээ авчээ.
Пара байт харваа: “Бээжин-2008” паралимпийн аварга, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Баатаржав, ОУХМ А.Анхбаяр
Пара буудлага: спортын мастер З.Ганбаатар (50 метрийн сонгомол гар буу)
Пара хөнгөн атлетик: ОУХМ С.Цогтгэрэл (зээрэгцэг шидэлт)
Пара пауэрлифтинг: ОУХМ Э.Содномпилжээ нар тус тус эрхээ аваад байна.
2016 оны зуны Олимпийн их наадмаас Монгол улс хэдэн медаль авах вэ
Нэгдсэн улсын өдөр тутмын чөлөөт хэвлэл “USA Today” сонины спортын мэргэжилтнүүд Олимпийн наадам бүрийн өмнө медаль хүртэх тамирчдын тухай өөрсдийн таамгийг гаргадаг.
Бүх спортын төрөлд медаль хүртэх тамирчдын нэрийг өөрсдийн хувилбараар гаргадаг учир олон улсын сэтгүүлчид тэдний мэдээллийг хүлээж суудаг. “USA Today” сонины спортын мэргэжилтнүүд 2008 оны Бээжингийн зуны Олимпийн наадмаас Монгол улс алтан медаль авна гэж таамаглаж байсан.
Мөн 2012 оны Лондонгийн наадмаас Монголын тамирчид 1 алт, 1 мөнгө, 1 хүрэл, нийтдээ 3 медаль авна гэж бичиж байлаа. Тухайн үед жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 66 кг-д дэлхийн аварга, олимп, ДАШТ-ий хүрэл медальт, Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатарыг ОХУ-ын Муса Могушковтой түрүү булаацалдаж, улмаар аваргална хэмээн тооцоолсон бол эмэгтэйчүүдийн 52 кг-д дэлхийн аваргын хүрэл медальт, гавьяат тамирчин М.Бундмааг Японы Юүка Нишидатай финалдаж, мөнгөн медаль хүртэнэ гэж “прогноз”-джээ. Мөн Хөдөлмөрийн баатар, дэлхийн аварга, олимпийн мөнгөн медальт боксчин П.Сэрдамба хүрэл дээр бууна таамаглаж байв.
Үүний зэрэгцээ жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 63 кг-д Ц.Мөнхзаяа, эрэгтэйчүүдийн 73 кг-д С.Ням-Очир, -100 кг-д олимпийн аварга, хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр, чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 63 кг-д дэлхийн аваргын хошой хүрэл медальт, гавьяат тамирчин О.Насанбурмаа, буудлагын спорт гар бууны 25 метрт Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа нарыг медалийн төлөө өрсөлдөж, шагналт байр эзэлнэ гэж өөрсдийн таамгийг дэвшүүлж байсан.
“USA Today” сониноос гаргасан Олимпийн медаль хүртэх тамирчдын 63.9 хувь тухайн наадмаас ямар нэгэн медаль авч байсан учир улс орнуудын спортын холбоод тэднийг ямар таамаг гаргахыг хүлээх болсон билээ.
Мөн “USA Today” сонины зүгээс бөхийн төрлүүдэд хэн нь 2016 онд медальд хүрэх вэ гэсэн судалгааг хийгээд эхэлжээ. Тэдний таамаглаж байгаагаар Монголын жүдочид хоёр медаль авна гэсэн бол чөлөөтийнхөн нэг хүрэлтэй нутаг буцна гэжээ. Түүнчлэн буудлын спортын төрөлд О.Гүндэгмааг доод тал нь шигшээ наймд үлдэнэ гэсэн байна.
Харин нийт медалийн тоогоор АНУ, ОХУ, БНХАУ, Герман, Англи, Авсрали, Япон, Франц, БНСУ, Италийн баг эхний аравт орно гэдгийг урьдчилан таамаглажээ.