Хүн төрөлхтнийг нэгтгэж, сэтгэл зүрхийг нь соронздон татсан Риогийн зуны ХХХI олимпийн эхний аваргууд урд шөнө тодорлоо. Гурван сая гаруйхан Монголчууд Риод 43 тамирчнаа илгээсэн үзүүлэлтээрээ дэлхийд тэргүүлж байгаа. Энэ 43 тамирчны маань хэн ч олимпийн аварга болох хүч чадал, авьяас билэг, бэлтгэлжилтийн өндөр түвшинтэйгээр нарлаг Бразил оронд хөл тавьцгаасан билээ. Тамирчин хүний нэг насны мөрөөдөл бол зөвхөн олимпийн тэнгэрт улсынхаа далбааг мандуулж, төрийн дууллаа эгшиглүүлэх л байдаг. Олимпоос олимпийн хоорондох дөрвөн жилийн өдөр бүрийг эрчимжүүлсэн бэлтгэл дунд өнгөрүүлээд ганцхан өдөр тэр их хөдөлмөрөө медалиар үнэлүүлэх үү, хоромхон зуурын алдаанаасаа болоод замхруулан алдах уу гэдэг нь зөвхөн тухайн тамирчны сэтгэл зориг, эрч хүч, аз хийморьтой л холбоотой байдаг.
Чухамдаа олимпийн дэвжээн дээр гарсан л бол өөр хэнд ч биш зөвхөн өөрийнхөө эр бяр, эрч хүч, сэтгэлийн тэнхээнд найдах шаардлагатай болдог. Ийм л эгзэгтэй бүхэн бүрэлдсэн Риогийн дэвжээн дээр Монголын гурван ч тамирчин өчигдөр гарч эр бяр, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.
Монголчуудын гол найдлага тавьж, тамирчид нь ч дэлхийд эхний байруудад данстай байдаг төрөл бол жүдо бөх. Тэгээд ч энэ жил хамгийн олон буюу 13 жүдоч Риогийн татамид хүчээ үзэхээр очоод байгаа. Өчигдөр шөнө жүдочдынхоо салхийг хагалж эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд дэлхийн аварга, гавьяат тамирчин Г.Болдбаатар, дэлхийн аваргын мөнгөн медальт, гавьяат тамирчин Д.Амартүвшин ах нарынхаа залгамж болон гарч ирж байгаа энэ жил 20-хон настай ОУХМ Ц.Цогтбаатар Риогийн татами дээр түрүүлэн гарсан.
60 кг-ын жингийн "А" хэсэгт орсон Ц.Цогтбаатар эхний тойрогт Гватемалын Хосе Рамосыг түвэггүй цэвэр ялаад хоёрдугаар тойрогт Финландын Ж.Рейнваллыг мөн л вазари үнэлгээгээр төвөггүйхэн буулган авч гараагаа маш сайхан эхэлсэн. Залуу хүүхэд энэ эрч, урмаараа түүртэлгүй явчих байх хэмээн харж байтал хэсгийн аваргын төлөөх хамгийн хариуцлагатай барилдаанд өөрийн гол өрсөлдөгч, дэлхийн аваргын хүрэл медальт, жингийнхээ дэлхийн чансааг тэргүүлэгч БНСУ-ын жүдоч Ким Вон Жинийг юуко үнэлгээгээр ялж яваад барилдаан дуусахад 1:27 минут дутуу байхад давуулж шидэх гээд өөр дээрээ алдаж вазари үнэлгээ алдан туйлын харамсалтайгаар тэмцээнээ дуусгалаа. Ганцхан минут тэссэн бол хэсгийн аварга болж, улмаар ямар ч медалийн төлөө барилдаж болох байлаа. Олимпод анх удаа оролцож байгаа, 20 настай хүүд аргагүй л том тэмцээний туршлага, бас жаахан аз дутаж медалийн оосроос атган алдаад алдлаа. Гэхдээ юм нэгээр дуусахгүй. Түүнд дахиад хоёр ч олимпод хүч үзэх нас, цаг хугацаа байна.
Харин Монголчуудын “Баараггүй медаль авна, бүр алтан шаргал ч байх бүрэн боломжтой” гэж тун их итгэж найдан харж байсан эмэгтэйчүүдийн 48 кг-ын тэргүүн бөх, Монгол Улсын гавьяат тамирчин М.Уранцэцэг эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Францын хүчтэй өрсөлдөгчөө өчих мэхээр цэвэр ялж бас л гараагаа тун сайхан эхлүүлсэн ч хэсгийн аваргын төлөө өнөөх л БНСУ-ын бөх Жеон Бо Кеонтой барилдаж байхдаа хориотой барьц барьж, торгуулиар цэвэр ялагдчихав. Ингээд дагах барилдаанд Лондонгийн олимпийн аврага Бразилийн алдарт бөх С.Менезесийг өчих мэхээр цэвэр ялсан ч хүрэл медалийн төлөөх барилдаанд Японы жүдоч К.Амид юуко үнэлгээгээр ялагдан шагналт тавдугаар байранд оров. Гавьяатын хувьд Японы бөхтэй барилдахдаа яах аргагүй "Би үүнийг арчаад өгнө, заавал ялна" гэсэн сэтгэлийн тэнхээ л жаахан дутагдаж байгаа нь андашгүй байсан. Уг нь бяр хүч, туршлага гээд илүү л гарна уу гэхээс К.Амигаас юугаараа ч дутуугүй нь татами дээр тун тодорхой харагдаж л байна лээ. Манай жүдочид Япон, БНСУ-ын бөхчүүдтэй барилдахаараа л түрүүлээд сэтгэлээрээ ялагдчихаад байх шиг санагдах юм. Гагцхүү энэ тал дээр л багийн сэтгэлзүйч, дасгалжуулагч багш нар нь илүүтэй анхаармаар санагдсныг хэлэх ёстой.
Энэ жинд Казакстан улсын нэрийн өмнөөс барилдсан ОУХМ Г.Отгонцэцэг Кубын жүдоч Д.Алвересыг цэвэр ялж хүрэл медаль хүртсэн нь бахдам амжилт мөн. Хаа очиж ОУХМ Г.Отгонцэцэг биедээ томдсон сэтгэлтэй, зориг зүрхтэй гэдэг нь 2016 онд оролцсон бараг л бүх тэмцээндээ түрүүлсээр Риод очиж, хүрэл медалиар энгэрээ мялаасан гайхалтай агшнаас нь Монголчууд бид дахин сайтар харж, бахархацгаалаа.
Ийнхүү эхний өдөр Монголын жүдочид медаль хүртэж чадаагүй нь цэнхэр дэлгэцээ харц салгалгүй ширтэн суугаа Монголчууд бидний сэтгэлийг жаахан гонсойлголоо.
Мөн өчигдөр манай буудлагын тамирчдаас ОУХМ Г.Нандинзаяа 10 метрийн хийн урт бууны төрөлд цэц мэргээ сорьж 414,8 оноо авч, 51 тамирчнаас 14-р байрт орлоо. Медалийн төлөө өрсөлдөх шигшээ наймд үлдэхэд түүнд ердөө л 1.1 оноо дутсан юм.
Түүний өрсөлдсөн төрлийн урьдчилсан буудлагад Хятадын Ду Ли 420.7 оноо авч олимпийн дээд амжилтыг эвдэн тэргүүлэв. Шигшээ буудлагад түүнчлэн Герман, Иран, ОХУ, АНУ-ын хоёр, Хорват, Хятадын өөр нэг мэргэн бууч тус тус шалгарав.
Юм нэгээр дуусахгүй. Риогийн олимп дөнгөж л эхэлж байна. Өнөөдөр манай бас л их найдлага тавьж байгаа ОУХМ Д.Төмөрхүлэг 66 кг-д, А.Цолмон эмэгтэйчүүдийн 52 кг-д, мөн Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа, ОУХМ Ц.Мөнхзул нар буудлагын талбайд цэц мэргэнээ сорих бол боксын 69 кг-ын жинд ОУХМ Б.Түвшинбат тулалдана. Монголчууд минь нойроо хугаслан алдартай тамирчдаа дэмжицгээгээрэй.
E-mail: eegii1967@yahoo.com
Утас: 76110303, 76110505