Дорнодын шөнө, талын шөнө, өвлийн шөнө. Хүйтэн, их хүйтэн байлаа. Вокзал дээр даарч хөрсөн тав тухгүйтсэн хүмүүс хөлдүү гутал тар түрхийлгэн орж гарна. Хоёр гурван бидон сав тавьчихсан, уут шуудайхантай ачаа хөсөг хөл рүүгээ хандуулаад тавьчихсан зорчигчид нойрмоглон сууна. Хаалга онголзуулах агшинд исгэрэн орж ирэх жавар жихүүн агаад улам л бүлээнийг хүсэмжлүүлнэ. Эрээнцав явах гэж байгаа манай чиглэлийнхэн нэг иймэрхүү л байж байтал ашгүй вагон явах дуу дохиоллоо. Бүгд л дор бүрдээ халуун хэвтрээсээ салж ядах адил хүйтэн хүлээх танхимаас дуу шуу болцгоон гарцгаав. Цэнгэг цэвэр агаар үлээж бие зарсхийлгэхийн зэрэгцээ энэ буудлаас Д.Нямсүрэн найрагч Эрээнцав руугаа явахын өмнө ямархан нэгийг бодож, ямархан нэгийг анзаардаг л байсан биз ээ гэж бодогдоно. Түүний бодлыг тийм орчинд хэн ч олж унших билээ, хэн нь ч тийм сэхээрэлтэй явах билээ. Харин тэр яруу найрагч хачин энгийн, бас хачин тэнгэрлиг зүйлсийг олж л харж зогсдог байсан нь эргэлзээгүй. Эрээнцав явах түүнд хамгийн сайхан.